Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа.
2018 онд цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хуримтлагдсан болон шинээр үүсч буй лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгээд байна. Улсын комисс хүлээж авсан тохиолдолд уг тоног төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн болжээ.
Харин өнгөрсөн 4 сарын дотор Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх анхан шатны ажлын гүйцэтгэл сайтар хийгдсэн бөгөөд үнэрийн тархац эрс буурчээ. “Ногоон титэм” компани агаарт дэгдэх химийн хорт нэгдлийн хэмжээг тогтоох, үнэрийн тархацын хүрээг судалж байгаа аж.
Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах Ерөнхий сайдын гаргасан захирамжийн хүрээнд 20 гаран ажил төлөвлөгдснөөс 14-ийг нь гүйцэтгээд байна. Тухай нь туул голд, агаар орчинд бохирдол үүсгэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байсан арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулж байсан 30-аад аж ахуй нэгжээс наймаас бусдыг нь технологийн шинэчлэлт хийхийг үүрэг болгон хаасан байна.
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Эдгээр нь энэ оны долдугаар сард ашиглалтанд орох юм. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Хуримтлагдсан лаг дахь нян бактери устаж халдваргүйжүүлэх төхөөрөмжийн угсралт дууссан.Улсын комисс хүлээж авснаар ашиглаж эхлэх юм.
Хуучин хуримтлагдсан болон шинээр үүсч байгаа лагийг хоргүйжүүлж, үнэргүйжүүлэн бордоо болгох энэхүү төхөөрөмж бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлвэл нийтийн эзэмшлийн зүлэг ногоог бордох гэх мэт хүнсний ногоо тариалахаас бусад зориулалтаар ашиглаж болно гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ