Монголын Чингис ба М.Энхболдын Монгол

Монголчууд зуны эхэн сард нарны халуунд биш сонгуулийн халуунд шарагдан бужигнаж байна. Чи улс төр сонирхолгүй байж болох ч улс төр чамаар заавал оролдоно гэдэг үг биеллээ олж, монголчуудын ахуй амьдралд улс төрчид хуруу гараа дүрж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль дуустал улс төр халж, улстөрчдийн дэглэлт муутай тоглолтууд ар араасаа хөврөх нь нэгэнт тодорхой байна. Ядаж байхад төр, засгийн бүх байгууллага эрх баригч намын даргыг хаан сэнтийд залах эмгэнэлт хошин жүжигт хуугаараа татагдан оролцож, төв талбай дээр тайчихаас бусад бүх үзүүлбэрийг үзүүлж байна. Харамсалтай нь нээлттэй гэх хаалга нь сонгууль өнгөрөөд тасхийтэл хаагдаж, дарга нар амралтаа аваад хаа нэг тийш арилж өгөхийг мэддэгээсээ мэддэггүй нь олон болчихож. Хэн хэнийгээ хуурсан иймэрхүү шог явдал ганц энэ сонгуулиар цэцэглэж байгаа ч юм биш. Эрх мэдэл хэний гарт байна, тэр тал руу төр өөрөө ханардаг болсон нийгэм юм даа.
Төрийн албан хаагчдад “Зэрэгц, номхон” команд өгөөд төв талбайд зогсоогоод өнгөрч байвал эрх баригчид бяраа, сүр хүчээ гайхуулж байна гэж бодоод өнгөрөх байлаа. Харин тэгтэл төр засгаас юу ч гуйхгүйгээр амьдралаа залгуулж ядан яваа жирийн иргэдээ лантуугаар дэлсээд эхлэх нь тэр. Утаандаа хахаж цацан амьдардаг монголчууд угаар бага ялгаруулдаг гээд хос хөдөлгүүрт автомашинд саяхныг хүртэл онцгой албан татвар ногдуулдаггүй байв. Эдгээр машины хамгийн алдартай бөгөөд том төлөөлөл нь Приус машин. Агаар бохирдуулдаггүй, шатахуун бага зарцуулдаг, эдийн засагт хэмнэлттэй учраас монголчууд сүүлийн жилүүдэд Приус машинтай ойр нөхөрлөх болсон. Гэтэл Б.Чойжилсүрэн гэдэг Сангийн сайд нэг ч татвар нэмэхгүй гэсэн МАН-ын сонгуулийн амлалт, олон нийтийн итгэлийг хага өшиглөн хос хөдөлгүүрт машинд 50 хувийн татвар ногдуулж орхив. Олон нийт Приус машин шатаах гэж оролдон хэрэндээ л эсэргүүцэл илэрхийлсэн боловч авч хэлэлцээгүй. Энэ бол өнгөрсөн 4-р сарын дундуур албан ёсных болсон шийдвэр.
Гэтэл нөгөө хатуу чихтэй Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэнэтхэн нэг өдөр Приус машины татварыг буцаан олгоно оо гэчихсэн малийгаад зогсож харагдав. Худал байх гэтэл УИХ-ын эрхэм дарга М.Энхболдтой гар хөлөө атгалцаад, инээд алдаад сүйд. Баталсан хуулиа сар гаруйнхны дараа баллуурдаж орхиод, татвар төлсөн хүмүүст мөнгө өгөх нь мэргэн төрийн чухал шийдвэр хэмээн сурталдаж эхлэв ээ. Цагаан сарын дараахнаас Приусын татвар нэмнэ гэдэг яриа олны дунд тарж, Сангийн сайд ч нэмэх төсөл бичсэнээс хойш бараг л хагас жил өнгөрөхөд ханш савлаж, хос хөдөлгүүрт зарим машины үнэ 6 хүртэл сая төгрөгөөр нэмэгдчихсэн. Энэ савлагаанд том машин унадаг дарга нар биш Приустэй нөхөрлөсөн худалдан авах чадвар муутай жирийн иргэд л хохирсон, “шатсан”. Мэргэжлийн гэж өөрсдийгөө өргөмжилдөг Засгийн газрын мэдрэл нь хэвийн бус гэмээр сайдын энэ хариуцлагагүй үйлдэлд бухимдсан иргэд төв талбайд Приус машин шатаах гэсэн боловч хана хэрэм шиг цагдаагийн хамгаалалтыг нэвтэрч чадаагүй. Приус машин төв талбай дээр шатаагүй ч ханшийн хөөрөгдөл, төрийн муу бодлогоос болоод олон зуун жирийн хүмүүс халаасан дахь мөнгөөрөө “шатсан”.
Б.Чойжилсүрэн сайд ганцаараа буруугүй л дээ. Татварыг нэмэх, бууруулах онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д байдаг. Приусийн татварыг нэмэх шийдвэрийг УИХ-аас баталсан. Тэгэхээр үнэмлэхүй олонх буюу 65-ын бүдүүн бүлгийнхэн ч ганцхан сарын настай хууль, ханшийн савлагаа, иргэдийн хохирлын өмнө хариуцлага хүлээх л учиртай. Ширэн нүүр гаргаж байгаад, ядарсан иргэд рүүгээ нулимж байгаад нэмсэн татвараа гэнэтхэн болиулж, буцаан олгоно гэх зэргээр тархи угааж байгаа нь бас л жүжиг. МАН-ын дарга, УИХ-ын эрхэм спикер, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын Ерөнхийлөгч болох магадлал буурсан, агуу их удирдагч болох хүсэл нь тасалдаж мэдэхээр болсон  учраас эрх баригчид хуурамч багаа эргүүлэн өмсөж байгаа нь энэ. Даргынхаа Ерөнхийлөгч болох замыг гэрэлтүүлэхийн тулд Онцгой албан татварын тухай төрийн хуулийг шатааж байгаа увайгүй үйлдэл. Эцэст нь хэлэхэд Монголын Чингис гэж байснаас Чингисийн Монгол гэж байгаагүй юм. Харин 21-р зууны энэ цаг дор М.Энхболдын Монгол, М.Энхболдын төр гэж бий болоход ганц хуруу л дутуу болчихсон юм биш үү.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Мазаалай” нэртэй CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ хийв

МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700...

АН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын...

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...