Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулсан.
Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ОБЕГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн хамтран өнгөрсөн хугацаанд Хөвсгөл нуурын усыг бохирдлоос хамгаалахаар Хөвсгөл болон бусад холбоотой нуурын ёроолоос бохирдлын эх үүсвэр болсон хэд, хэдэн том машин техникийг гаргаж авчээ.
Тодруулбал, хамгийн анх Хөвсгөл нуурын ёроолд 1.8 метр шигдсэн 309 тонн жинтэй “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан бол үүний дараа Дүбэрлэг уул нуурын 72 метрийн гүнд живсэн шатахуун тээврийн автомашин чиргүүл, 1968 онд живсэн 390 литр шатахуун, тос тосолгооны материал бүхий 11 тонн жинтэй гинжит тракторыг татан гаргасан байна. Мөн Жиглэгийн давааны нуурын 54 метрийн гүнд живсэн 6 тонн шатахуун тээвврийн ёмкост, Марааны булангийн 128 метрийн гүнд 1995 онд живсэн 10 тонн шатахуун, тос тосолгооны материал бүхий ЗИЛ 130 загварын 17.8 тонн чиргүүлтэй автомашиныг тус, тус гарган авчээ. Эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгасан ба ингэснээр Хөвсгөл нуурын бохирдлыг аюулгүй болгон нуурын усыг бохирдох эрсдлээс хамгаалаад байна.
Татан гаргах ажиллагаанд ашигласан тоног төхөөрөмжийг монгол эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээсэн байна.