Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэлэхдээ Монгол Улс авлигын дагнасан шүүхтэй байх ёстой гэв. Ардчилсан засаглалтай улс юм болохоор зарим хүн тусдаа ийм шүүх байх шаардлагагүй гэж үзэл бодлоо илэрхийлж байна. Хүмүүс өөр бодолтой байх эрхтэй. Авлигын хэргээр дагнасан шүүхтэй болохыг дэмжиж байгаа болон эсэргүүцэж байгаа талууд нэг зүйл дээр санал нэгдэх байх. Монгол Улс авлигадаа живж, эндээс үүссэн өртгийг жирийн иргэд нуруундаа үүрч явааг дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх биз. Зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил өнгөрөхөд Монгол Улс дорвитой хөгжсөнгүй, монгол хүний амьдрал дээшилсэнгүй. Цөөн тооны авлигачид хагартлаа баяжиж, улсаасаа баян болцгоолоо.
Хөгжихгүй байгаагийн шалтгаан нь авлига, авлигачид хоёр юм. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны луйвар, тендерийн цавчаа, ногоон автобусны дуулиан, төсвийн тонуул гээд тоочвол барагдахгүй урт жагсаалт гарна. Авлигын гэмт хэрэг болгоны цаана жирийн иргэдийн боломж хулгайлагдаж байдаг учир хор хохирлын талаар ярихад толгойд багтахгүй их мөнгөн дүн, хэмжиж болшгүй цаг хугацааны хохирол хөндөгдөнө. Улсаа тонон дээрэмддэг авлигачдад эх орноо хайрлах сэтгэл байдаггүй шиг тэдний хууль бус үйлдэлд өршөөл гэж байх ёсгүй. Хуулийн хамгийн хатуу цээрлэлийг авлигачдад хүртээж байж амийг нь тасална. Тиймээс авлигын хэргийг хав дардаггүй, хаацайлж хонгилддоггүй бие даасан шударга шүүх байгуулахыг дэмжих ёстой.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд хэр ажилласныг толдорхой цаг хугацааны дараа монголчууд үнэлж дүгнэх байх. Харин авлигатай тэмцэх хүсэл зоригтой Ерөнхий сайд байгаа нь олзуурхах чанар мөн. Авлигачдад оноодог ялыг чангатгаж, Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, магадлангаар сулладгаа зогсоосон гээд эерэг өөрчлөлтүүд эхнээсээ гарч байгаа. Улстөрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглосон анхны Засгийн газар Л.Оюун-Эрдэнийх. Бидний үр хүүхдүүдийн амьдрах дараагийн 30 жилд авлигачидтай цуг алхмааргүй, амьдармааргүй байна.
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda