УИХ-ын, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга төрийн өндөр албан тушаал хашиж байсан Зандаахүүгийн Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Бямбасүрэнгийн Энх-Амгалан нарыг “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэмээн яллагдагчаар татсан билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэдэнд холбогдох хэргийг нэлээд эрт буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлснийг дээрх хоёр яллагдагч, тэдний өмгөөлөгч нар гомдол гаргаж УЕПГ-ын холбогдох албан тушаалтнууд хянаж шийдвэрлэсний эцэст өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хүргүүллээ.
ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм.