Нийслэлийн зүрхэнд орших Урт цагаан худалдааны төвийн барилга тойрсон элдэв үйл явдал илд өрнөж банйа. Хотын дарга Х.Нямбаатар Жуулчны гудамжинд орших хуучин барилгыг нурааж худалдаан төв барих уу, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох уу гэсэн санал асуулга эхлүүлснээ сүржин мэдэгдсэн. Нөгөө талд урт цагааны түрээслэгчид үйл ажиллагааг нь зогсоосон шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгчихөөд хариу хүлээж суугаа. Нийслэлийн өмчийн 3-р байрыг, хотын зүрхэнд орших газарт нь эзэн суух гэсэн олон ашиг сонирхол хоорондоо мөргөлдсөөр ирсэн байдаг. Энд талбай түрээсэлдэг үндсэн 30, дам түрээсэлдэг 300 гаруй иргэн бий. 1960-аад оны эхэн үед баригдсан энэ барилгыг Улаанбаатар хотын түүхэн дурсгал гэж үздэг хүмүүс ч цөөнгүй.
Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ш.Үнэнбат “2020 онд Манай байгууллагад түүхэн дурсгалт барилга байгууламжуудын бүртгэл байдаг. Энэ бүртгэл Урт цагаан үйлчилгээний төв багтаагүй байдаг. Тэгэхээр 1990 онд Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлд шилжиж ирсэн өмч. Бетон чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай, модон дээвэртэй. Галын маш өндөр эрсдэлтэй. Газар хөдлөлтийн чичирхийлэл даахгүй. Нийслэл газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Тэгэхээр яах аргагүй эрсдэл өндөртэй барилгын нэг” хэмээн хэлж байжээ. Түрээслэгч нарын ард эрх мэдэлтэй хүмүүс нуугдаж байдаг тухай ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.
Цэцэрлэгт хүрээлэн болгох уу гэж санал асуулга явуулаад байгаа Урт цагааныг “гоёх” мэргэн санааг нийслэлийн Засаг дарга 2020 онд бодож олоод, тэргүүн байрыг 30 сая төгрөгөөр байлах уралдаан зарлаж байсныг өнөөдөр бид бүгд мартчихсан. Шинээр төлөвлөсний дараа түгжрэл 20 хувиар буурна гэсэн уярам үгсийг ч албаны хүмүүс дөрөвхөн жилийн өмнө хэлж байв. Харин өнөөдөр 30 саяар үнэлсэн зураг төсөл мартагдаж, үргүй зардал болон хувирлаа. Нэг дарга нь гарч ирээд уралдаан зарладаг, нөгөөх нь суудалдаа суумагцаа шал өөр юм ярьдаг байдал ердийн үзэгдэл болжээ. Нийслэлийн хөгжил, төлөвлөлт бодлогоор биш, даргын үзэмжээр шийдэгддэг болсны ганцхан жишээг Урт цагаанаас бид харав.
“Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд 55 823 иргэн санал өгснөөр “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл, 20 сая төгрөгийн батламж гардсан байдаг. Дэд байрт шалгарсан хүмүүсийг 5 сая гэх зэргээр мөн шагнасан. Энэ зургаар төлөвлөлт хийнэ гэсэн дарга нарын үг худал байсныг өнөөдрийн үйл явдал гэрчилнэ. Төсвийн мөнгө уйлах биш дээ…