Монголын бурхан шашинтны төв- Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэн, хүлээн авчээ. Улмаар Д.Чойжамц хамбын нэр дэвшүүлсэн Бурхны шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн хэмээн үзэж, Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн 85.7 хувиар дэмжин, дараагийн Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилжээ.
Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтлоо гэж Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-наас мэдээллээ.
Тэрбээр 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан суусан ба 1993 онд Улаанбаатар хотод шилжин ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилжээ. Дээрхи хийдүүдэд шавилж байх хугацаандаа бурханы номонд сайтар суралцаж хийдийн голч , унзад зэргийн албыг хашиж байжээ. 1998 онд Өмнөд Энэтхэг дэх Буддын гүн ухааны Гоман дацанд их сургуульд элсэн орж жил бүрийн шалгалтдаа 1, 2 байрыг эзэлсээр амжилттай дүүргэсэн. 2012 оноос Лхаарамбын зэрэг цол хамгаалах шалгалтад явж эхэлсэн ба 2017 онд цолоо хамгаалжээ.
Бурхны шашин дотроо таван бага ухаан, таван их ухаан гэж байдаг. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр суралцаж дүүргэн лхаарамбын шалгалтад орох эрх авдаг. Энэтхэгт гүн ухаанаар суурилж суралцдаг Гэлүгбийн найман сургуулийн 10000 орчим лам бий. Үүнээс шилэгдсэн лам нартай бүтэн зургаан жилийн турш өрсөлдөн шалгалт өгч байж лхаарамба цол авдаг.
Тэрээр Гоман дацанд суралцах явцдаа 2002 оноос эхлэн олон лам хуврагуудад ном зааж эрдэмтэй номтой лам нарыг олноор бэлдэн гаргасаар байна. 2005 оноос нутагтаа морилон ирж сүсэгтэн олонд бурханы номыг айлдан сургаалиа хайрласаар байгаа юм. Мөн олон аймаг, сумдын лам, хуврага сүсэгтэн олны урилгаар морилж айлдвар сургаалиа хайрлаж байна. 2019 онд эх орондоо бүрмөсөн ирж Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд багшилж байна.
Түүний шавь нар 2013 онд бурхан шашны “Сумади гирди” төв төрийн бус байгууллагыг байгуулж, багшийнхаа номын их үйлсийг дэлгэрүүлж байгаа. Энэ төв нь Монголын бурханы шашны сургаалиудыг орчин цагийн шинжлэх ухаантай харьцуулан суралцаж амьдралдаа ач тусыг нь хүртэх, дээд номыг сонсох, бясалгах арга ухааныг эзэмших боломжийг бүрдүүлж, түгээн дэлгэрүүлэх их үйлсийг зорилгоо болгон ажилладаг байна.