ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь 2018 онд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн хэрэгт холбогдож, 11 жилийн хорих ял авсан ч энэ оны есдүгээр сард суллагдсан юм. Давж заалдах шатны гурав дахь удаагийн шүүх хурал болж, магадлангаар суллагдсан Б.Махбалыг буцааж хорих шийдвэр гаргажээ. Прокуророос Б.Махбалын биеэр эдэлсэн ялын хэмжээ Эрүүгийн хуульд заасан гуравны хоёроос доошгүй хувь байх хэмжээнд хүрэхгүй байна гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Уг эсэргүүцлийг Давж заалдах шатны шүүх өнөөдөр хүлээж авчээ. Ингэснээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчингүй болж, буцаан цагдан хорихоор болжээ.
Анхан шатны шүүхээс түүнийг хорих ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч хохирлыг төлж барагдуулсан, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн хугацаа болон биеэр эдэлсэн 7 жил 10 сар 24 хоногийн хорих ялын хугацаа нь түүнд оногдуулсан 11 жилийн хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь байх хугацааг хангасан нь хорих ангийн санал, прокурорын дүгнэлт, ялтны хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэн 3 жил 1 сар 6 хоног хоригдох хугацаанаас өмнө сулласан байв.