“Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлийнхэн Норовлин сумын сургуульд ном хандивлав

Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн номын сангаас сумынхаа ирэх онд тохиох 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд “Хүүхдэд ном бэлэглэе” аян өрнүүлж эхэлжээ. Энэхүү аяны хүрээнд сум орон нутгийн албан байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, баг, үе үеийн төгсөгч, нутгийн зөвлөл, эцэг эх, иргэдийг уриалан Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн фондоо 5000 номоор баяжуулахыг зорьж байгаа юм байна.

“Хүүхдэд ном бэлэглэе” аяныг “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлийнхэн дэмжиж номын хандив өргөв. Монголын зохиолчдын эвлэлийн Хэнтий аймаг дахь салбар “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн гишүүн, “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлийн тэргүүн, яруу найрагч, сэтгүүлч О.Түвшиндэмбэрэл, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаяр, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, түүхийн ухааны доктор До.Болдхуяг, МЗЭ-ийн гишүүн, Хутагтын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Бүргэд, сэтгүүлч Б.Түвшинтөгс нар 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Норовлин сумын ЕБС-ийн багш, сурагчидтай уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтын үеэр өсвөр насны хүүхдийн заавал унших, Монголын хүүхэд залуусын оюунлаг сэтгэлгээг хөгжүүлэх 68 номын жагсаалтад багтсан номуудаас сонгон 250  номыг сургуулийн номын санд хандив болгон өглөө. Хүүхэд багачууд, багш, сурагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, оюуны хөгжилд үнэт хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчидтай хамтран ажиллаж буй “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлийн хамт олонд Хэнтий аймгийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, Эх хэлний зөвлөл, номын сангийн хамт олон талархал илэрхийлэв.

Цаашид Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул, “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлийн тэргүүн, яруу найрагч, сэтгүүлч О.Түвшиндэмбэрэл сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Улз голын дугуйлан” нэртэй яруу найраг, уран зохиолын дугуйлан байгуулан ажиллахаар болсон байна. Уг дугуйланд тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 60 гаруй сурагч бүртгүүлээд байгаа ажээ.

Улз нутаг уран үгийн дархчууд, уран зураач, уран хатгамалчдын өлгий нутаг юм. Норовлин сумаас Ардын зураач Ү.Ядамсүрэн, нэрт яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Ж.Нэргүй, түүхч, зохиолч Д.Жамбаа, яруу найрагч О.Түвшиндэмбэрэл, Д.Нарантуул, Б.Ганнавч тэргүүтэй олон авьяастан төрөн гарсан билээ. Авьяастнуудын шийрийг хатааж, бийрийг өвлөх билиг, оюунт охид, хөвгүүд “Улз голын дугуйлан”-гаас олноор төрөн гарах биз ээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...