Улны ПАРЛАМЕНТ

Үндсэн хуульд зааснаар УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага юм. Зарим хүн хууль тогтоох дээд байгууллага гэж ташаарах нь бий. Хэрэв хууль тогтоох дээд байгууллага гэвэл доод байгууллага гэж бас байх шаардлагатай. Энэ нэршил ихэвчлэн хоёр танхим бүхий парламенттай улс орнуудад ашиглагддаг. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ 76 гишүүнтэй байхаас одоо 72-уулаа болсон. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар хотын дарга болохын тулд сонгогчдоо орхин, гишүүнээсээ чөлөөлөгдлөө. Түүний өмнө Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат, Чингэлтэйгээс сонгогдсон Т.Аюурсайхан, Өмнөговь аймгаас сонгогдсон Д.Бат-Эрдэнэ нар нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, чөлөөлсөн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагт болдог тогтсон уламжлалтай. Ойрын өдрүүдэд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас шалтгаалж хойшлох болов. Хууль тогтоох үндсэн үүрэг, тангарагтай эрхэм гишүүд хаачсан бэ. Тэдний зарим нь Ерөнхийлөгчийг дагаад Франц руу айлчлалд морджээ. Давхар дээлтэй сайд нар пээдийгээд чуулганд суухаа больсон. Хууль тогтооно гэж УИХ-д сонгогдсон атлаа гүйцэтгэх засаглал руу урваж, давхар дээлтэйгээ халууцаж, бас овоорсон эрх мэдэлдээ халамцаж явна. Үндсэн хуулийн цэц гэх байгууллага УИХ-ын гишүүд бүгд Засгийн газарт орж давхар дээл нөмрөн ажиллаж болох үүдийг 2022 онд улс төрийн захиалгаар нээж өгснөөс энэ бүх завхрал чинээндээ тулав.

Камерт эзэнгүй суудал бага харагдуулахын тулд УИХ-ын гишүүдийг урагш нь шахаж суулгаж буй талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Тэр суудлыг хоосон байлгахгүйн тулд хоёр сонгогдсон сахал Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд гурвыг урагшаа татаж суулгая гэчихлээ. Арын гурвыг нь урагш нь татаад арын суудлаа онгорхой орхилоо шүү. Нэг их онгорхой шүд шиг байлгаж байхаар” хэмээн индэр дээр хэмээн хуралдаан даргалагчтай хээвнэг ярьж байгаа бичлэгийг ikon.mn сайт нийтэлжээ. Ёстой цагаандаа гарна гэдэг л энэ байх. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг ирц бүрдээгүй хоосон танхимаа суудал сэлгэх байдлаар аргацаах гэсэн энэ ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө энэ УИХ тарах болзлоо хангачихлаа.

УИХ-ын бүтцэд Ёс зүй, сахилга харицлагын байнгын хороо гэж бий. Дарга нь хэн гээч. Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэж АТГ-аас зарласан 5 гишүүний нэг, Дарханаас сонгогдсон гишүүн Б.Баттөмөр. Товчхондоо бол ёс зүйгүй хүнээр ёс зүйн асуудлаа хариуцуулна гэдэг парламентын дархлаа, чадамж яаж үнэгүйдсэнийг харж болмоор. МАН парламентын сонгуульд дараалан үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн жолоог атгасан өнгөрсөн 7 жилийн хугацаанд 67 хүнийг сайдаар томилжээ. Зөвхөн 2016 оноос хойш гэхэд 32 хүн сайдын албан тушаалын бялуу хүртсэн байгаа юм. Нэмээд Байнгын хороо, Түр хороо гэхмэтчилэн ангилбал манай УИХ-ын гишүүд бүгд дарга. Үндсэн үүргээ умартаад дарга болох дон шүглэсэн ийм УИХ яаралтай тарсан нь өлзийтэй. Одоогийн УИХ чуулганаа хуралдуулж чадахгүй болтлоо гүйцэтгэх засаглалд бүрэн автаж, Засгийн газрын агентлагаас ч доош орж жижгэрчээ.

Төрийн эрх барих дээд байгууллага нь ажлаа хийх чадамжгүй болсон байхад доод, дунд шатанд авлига цэцэглэж, хулгай дээрэм учир замбараагаа алдах нь тодорхой. Угаас улс орноо тонон дээрэмддэг бүлэглэлүүд сахилга хариуцлага сулрахыг андахгүй. Монголчуудын амьдралыг улных гэж доромжлон томьёолдог эрх баригчдын өөрсдийнх нь ёс суртахуун ирцгүй чуулганыг, хүнгүй танхимыг камерийн өмнө хүнтэй болгож харагдуулж монголчуудыг нийтээр нь хууран мэхлэх хүртлээ ялзарчээ. Ядуу амьдралтай монголчууд биш, эрх мэдэлдээ хэт эрдсэн, сонгогчдынхоо итгэл рүү нулимсан, ялзарсан ёс суртахуунтай одоогийн УИХ жинхэнээсээ УЛНЫ ПАРЛАМЕНТ болжээ.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...