Ардчилсан намаас өнөөдөр 4/11 мэдээллийн цагаар хотын даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
АРДЧИЛСАН НАМЫН ДЭД ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:
-Монгол Улсад иргэнээ боддог төр засаг гэж алга. Өнөөдөр агаарын чанар ямар байгааг харж байгаа байх. Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо өөрөө амьтай байна уу. Агаарын чанарын алба гэж ярьдаг. Тэр байгууллага иргэдтэйгээ ярьж байх ёстой. Эсвэл эрх баригчид түгжрэлийн сайдтай болсон шиг агаарын бохирдлын сайдтай болох гээд байгаа юм уу. Заавал нэг асуудал гаргаад сайд томилдог буруу чиглэлд орох гээд байна уу. Хот эзэнгүй боллоо. Үндсэн хуульд заасан үүрэг хариуцлагаа төр, засаг биелүүлэхгүй байна.
Х.Нямбаатар сайдын ажлаа өгөөд мэдэгдэл хийсэн. Автобус нууцлалын асуудлыг төрийн нууцаас гаргана гэсэн. Д.Сумъяабазар дарга байхдаа төрийн нууцад оруулсныг Х.Нямбаатар мэдэхгүй байна гэж байхгүй. Төрийн нууцад оруулах саналыг хотын дарга гаргах эрхгүй. Тагнуулын байгууллагын зөвлөмжөөр сонгон шалгаруулалт хийж болохгүй. Зөвхөн автобусан дээр л ингэж байгаа болохоос биш өнгөрсөн долоон жил төрийн нууцын тамга тэмдгийг ашиглан хулгайгаа хацайлдаг байжээ. Тендер зарлавал цаг хугацаа алдах гээд байсан гэж тайлбарлаж байна лээ. Тэгвэл Тендерийн хуулийг өөрчлөх эрх нь эрх баригч нарт байгаа шүү дээ.
Засгийн газар шаардлагагүй зүйл дээр яаралтай горимоор хууль батлуулдаг. Хүний эрхийг боомилдог, сөрөг хүчнийг дарах хуулийг яаралтай баталдаг л юм байна лээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч үүн дээр тайлбар өгөх ёстой. Тагнуулын зөвлөмж дээрх техник хэрэгсэл гэх нэрийн дор автобус авсан гэсэн. Цэрэг, дайны зориулалтаар автобус авсан юм уу. Иргэний зориулалттай баймаар. Ийм байдлаар хуулийг гуйвуулж, хулгай хийдэг, татвар төлөгчдийн мөнгийг завшдаг байдлыг болих хэрэгтэй. Одоо Х.Нямбаатар өмнөх дарга дээрээ гомдол гаргах хэрэгтэй. Энэ зарчмын асуудал. Ингэж чадаагүй бол хоорондоо хуйвалдсан гэсэн үг.
Баахан амлалт өгч гарч ирчихээд УИХ-ын гишүүн, сайдаасаа татгалзаж байна. Өнөөдөр Үндсэн хуулиараа Х.Нямбаатарын хугацаа дуусах болоогүй. Үндсэн хууль дээрээ дөрвөн жил гэж заачихсан. Дөрвөн жилийн хугацаанд яаж ажилласан тайлангаа сонгогч нартаа тавих хэрэгтэй. Замаас нь зугтааж болохгүй. Өнөөдөр Х.Нямбаатарыг хотын дарга хийгээч гэж хэн гуйсан юм бэ. Иргэд гуйгаагүй. Та нар тангаргаа нулимж, хариуцлагаа ухамсарлахгүй байхад яаж хот удирдах юм бэ.
Үндсэн хуулийн Цэц чимээгүй байгаа нь харамсалтай. Шийдвэрээ гаргах ёстой. УИХ-ын олонхын байнгын хороо шиг л байна. Энэ байдлаас гарах ёстой.
АН-ЫН БҮЛГИЙН ЗӨВЛӨХ Д.ГАНБАЯР:
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлага хүргүүлж байна. Нэгдүгээрт, төрийн томилгоог улс төрийн намын удирдах зөвлөл шийдэж болохгүй. Ардын намын удирдах зөвлөл хотын даргыг шийдэж болохгүй. Хоёрдугаарт, үзэл бодлоо илэрхийлсэн улстөрчдийг ялгаварлан гадуурхаж байгаа нь хэрээс хэтэрлээ. Үүнийг таслан зогсоохыг шаардаж байна. Гуравдугаарт, Л.Оюун-Эрдэнэ таныг сонгуульжсан дарангуйллаа зогсоож, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна.