Монгол Улсын Хөгжлийн Банк чанаргүй зээлийн өрөнд шилжүүлж авсан 93 үл хөдлөх хөрөнгөөс 3.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нийт 26 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.
Эдгээр үл хөдлөх хөрөнгийн
- 11 нь орон сууц
- нэг нь үйлчилгээ
- 14 авто зогсоолын зориулалттай гэдгийг мэдээлэв.
Тухайлбал “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын В зоне хэсгийн дутуу гүйцэтгэлтэй долоон блок орон сууц, хоёр блок үйлчилгээ, нэг блок авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг танилцууллаа.
Ашиглалтад орсон орон сууцны нэг метр квадрат нь 3.3 сая төгрөгийн үнэтэй бол дутуу гүйцэтгэлтэй долоон блок орон сууцны нэг метр квадратын дундаж үнэлгээ нь 1,300,000 төгрөг юм. Харин хоёр блок үйлчилгээний зориулалттай талбайн нэг метр квадрат талбайн дундаж үнэлгээ 800,000 төгрөг, нэг блок авто зогсоолын нэг метр квадрат талбайн дундаж үнэлгээ нь 1,800,000 төгрөгийн үнэлгээтэй байна.
Тухайн барилгыг, барилгын компаниуд, барилга гүйцэтгэгч, төсөл хөгжүүлэгч нарт банкны зүгээс санал болгож байгаа бөгөөд нийтэд нь 63.8 тэрбум төгрөгөөр худалдан авах боломжтой.
Таван байршилд ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгүүдээс орон сууц болон үйлчилгээний зориулалттай нийт 56 үл хөдлөх хөрөнгө, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 11 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах нээлттэй саналыг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар авч байна.
Дутуу гүйцэтгэлтэй барилгыг худалдан авах саналыг тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад санал болгож байгаа юм.
Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн Банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тогтоосон.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар холбогдож авах, урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтойг мэдээллээ.