Рио Тинто Монгол компани Монгол орны ойн санг хамгаалах “Эрүүл ой” төслийг санаачлан АНУ-д төвтэй Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран хэрэгжүүлж байна. Энэ жил Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Төв аймгуудын болон Улаанбаатар хотын ногоон бүс, Богд уулын дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газруудын хөнөөлт шавжид идэгдсэн нийт 150 мян.га ойд органик эмчилгээний бэлдмэл цацаж, тэмцлийн ажлыг зохион байгууллаа.
2022 онд 16 аймгийн 109 сумын нутаг дэвсгэрийг хамруулсан “Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгаа” явуулахад 1.4 сая.га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт өндөр байгаагаас 729.8 мян.га талбайд нь голомтлон тархсан болох нь тогтоогджээ.
Ялангуяа сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас хортон шавжтай тэмцэх төлөвлөгөөт ажлууд хойшлогдсоноос хөнөөлт шавж хэт олширчээ. Нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 700 гаруй мян.га талбай дах ойн сан дахин сэргэхгүйгээр доройтолд орох аюулд орсон байна.
Рио Тинто Монгол “Эрүүл ой” төсөлд 7.4 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Рио Тинто Монгол ХХК , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах байгууллага нар хамтран “Эрүүл ой” төслийг 2022 оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь Монгол орны ой модыг доройтолд оруулж буй чимээгүй түймэр болох хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллийг бууруулж, ойн одоогийн төлөв байдлыг сайжруулах, ой хамгааллын салбарт ажиллаж буй хүний нөөцийг чадавхжуулах замаар ойн нөөцөө хадгалж, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой төсөл юм.
“Хөнөөлт шавжийн тоог нэн даруй зохих түвшинд хүргэхгүй бол модод дахин сэргэхгүйгээр үхэх аюултай.”
Рио Тинто Монгол компани уг төсөлд зориулж 7.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй олон улсын мэргэжлийн багийг Монголд ажиллуулж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх олон улсын шилдэг арга, технологийг нэвтрүүлэх ажлыг санаачилжээ.
“Эрүүл ой” төсөл нь 2022 онд БОАЖЯ болон Рио Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний томоохон ажил юм байна.
Энэ жил 150,000 га ойд эмчилгээний органик бэлдмэл цацжээ
“Эрүүл ой” төсөл нь 2025 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жилийн хувьд 150 мян.га ойд хөнөөлт шавжийн тоог бууруулах зорилгоор органик эмчилгээний бодисыг агаараар болон газраар цацжээ. Ирэх жилд дахин 150 мянган га газарт сэргээх ажил хийгдэж ойролцоогоор 1.1 тэрбум гаруй модыг үхэх аюулаас аврах юм. Энэ нь нэн тэргүүний шаардлагатай хийгдэх ажил бөгөөд үүнээс гадна ойн хамгааллын салбарт ажиллаж буй боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлжээ.
Тухайлбал, Монголын ойн мэргэжилтнүүд хөнөөлт шавжийн менежмент чиглэлээр АНУ-д очиж туршлага судалсан байна. Түүнчлэн хүний нөөцийн хомсдолд ороод буй “ойн эмч”-ийг бэлтгэх зорилгоор энэ чиглэлээр судалгаа хийдэг дөрвөн оюутанд судалгааны тэтгэлэг олгожээ.
“Ойн эмч”-ийг бэлтгэх зорилгоор энэ чиглэлээр судалгаа хийдэг дөрвөн оюутанд тэтгэлэг олгожээ.”
Ийнхүү “Эрүүл ой” төслийн хүрээнд олон талт ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол орны ойн санд тулгараад буй хөнөөлт шавжийн тоо толгой ихэдсэн асуудлыг намжааж цаашид Монгол орны ойн экосистемийн төлөв байдлыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицсон ойг бий болгох юм.Үүнд шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулснаар ойгоо урт хугацаанд эрүүл хадгалах нөхцөл бүрэлдэж байна.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд
Рио Тинто Монгол ХХК:
Рио Тинто Монгол ХХК нь Монгол Улс дах урт хугацааны түншлэл хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд эдийн засаг бизнесийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахаас гадна группийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн стратегийн дагуу байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь “Эрүүл ой” төслийн хэрэгжилтийн шатанд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, бодлогын болон техникийн талаас дэмжлэг үзүүлэх, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулж, гүйцэтгэлийг хянан ажиллаж байна.
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг:
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг (ОУБХН) нь байгаль хамгаалах бодлогыг хөгжүүлэх, байгаль орчны тэргүүн туршлагыг олон улсад нэвтрүүлэхэд чиглэсэн бодлого тодорхойлогчдын олон улсын сүлжээ байгууллага юм. ОУБХН-ийн мэргэжилтнүүд хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, олон улсын жишигт нийцсэн аргуудыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төслийн гүйцэтгэгчээр гурван жилийн хугацаанд ажиллана.