“Соёлын наадам”-ыг “Рио Тинто” компани 5 дахь жилдээ хамтран зохион байгуулна

Соёл урлагийн их сургууль, Монголын Урлагийн зөвлөл хамтран “Рио Тинто Монгол” компанийн дэмжлэгтэйгээр “Соёлын наадам”-ыг зохион байгуулах гэж байгаа талаар энэ сарын 5-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэхүү наадмыг Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, соёл уламжлалаа хайрлан хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх соёлыг түгээх зорилгоор 2008 оноос зохион байгуулж иржээ. Энэ жилийн “Соёлын наадам” 2023 оны долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Монголын Үндэсний их баяр наадмын томоохон үйл ажиллагааны нэг болох тус наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг “Монголчууд даяаршлын эрин цаг үед бусад улс, үндэстнээс юугаар ялгарах вэ, Монгол Улс оршин тогтнох үндэс соёлын өв байдаг. Тиймээс бид жил бүрийн “Соёлын наадам”-аа Монголчуудын биет болон биет бус соёлын өв дээр тулгуурлан зохион байгуулж ирсэн. Энэ жилийн наадамд Увс, Ховд, Хөвсгөл аймгаас язгуур өв соёлоо хадгалж үлдсэн өвлөн уламжлагчдыг урьж авчран, наадамчин олонд Монгол угсаатнуудын өв соёлыг танилцуулах юм. Энэ үеэр дархад цаатны тоглолт, ардын өвлөн уламжлагчдын бий биелгээ, цуур ихэл, товшуур гэх мэт ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах төлөөллийн жагсаалтад бүртгэсэн өвүүдийг толилуулна” гэлээ.

СУИС-аас санаачлан Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн талаарх үндэсний хэмжээний судалгааг анх удаа зохион байгуулжээ. Энэ судалгаагаар монгол хүн, монгол гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчний ухаан гэсэн есөн нэр төрлийг Монголчуудын үнэт зүйл хэмээн дийлэнх нь нэрлэжээ.

нэ тухай  СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал “Монгол Улсын төрийн бодлого “Алсын хараа 2050”-д “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” гэдэг бүтэн бүлэг бичигдсэн байдаг. Бидний энэ удаагийн судалгааны үр дүнд нэрлэгдсэн есөн үнэт зүйл бол Монголчуудын үндэсний эв нэгдэл, бахархал, өв соёлыг бататган ирээдүй хойчид өвлүүлэх гол хүчин зүйлүүд гэж бид харж байгаа. Тиймээс “Соёлын наадам”-даа эдгээр есөн үнэт зүйлээр нэрлэсэн өртөө асрыг бүтээж, наадамчин олонд танилцуулна” гэв.

“Рио Тинто” компани тав дахь жилдээ тус наадмыг хамтран зохион байгуулж байна. Энэ тухай Рио Тинто Монгол ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, харилцаа хариусан Ерөнхий зөвлөх Б.Дашням “Рио Тинто групп дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулж, уул уурхайн төслийг хэрэгжүүлж байна. Ингэхдээ тухайн улс орны үндэсний онцлог, ард иргэдийн соёл уламжлалыг хүндэтгэн үзэж тэрхүү өв уламжлалыг хадгалах, хамгаалахад дэмжлэг үзүүлж ажилладаг. Тэр утгаараа “Соёлын наадам” бол манай компанийн зорилгод бүрэн нийцсэн учраас 2018 оноос эхлэн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж ирлээ. Бид цаашдаа ч хамтарсаар байх болно” хэмээв.

“Рио Тинто Монгол” компанийн хувьд Монгол Улсад соёл, өв уламжлалын олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Хамгийн сүүлд Соёлын өвийн үндэсний төв, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад зориулсан анхны төрөлжсөн “Өв эрдэнэ” театрыг бүтээн байгуулж, өнгөрсөн онд ашиглалтад хүлээлгэн өгч байв.

“Өв-Эрдэнэ” театр нь Монгол гэрийн дүрслэлтэй интерьер дизайнтай, орчин үеийн гэрэлтүүлэг, дуу хөгжмийн тоног төхөөрөмжтэй 100 үзэгчийн багтаамжтай бөгөөд  ардын язгуур урлагийн тоглолтоос гадна соёлын биет бус өв, өвлөн уламжлагч хүний урын сан, мэдлэгийг дуу, дүрс бичлэгээр баримтжуулан үлдээх чухал ажлыг зохион байгуулах боломжтой.

Мөн хүүхэд залууст чиглэсэн соёлын өвийн боловсрол олгох сургалт, соёлын өвийн цуврал кино үзвэр, танин мэдэхүйн лекц, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зэргийг хийхээс гадна олон нийтийн уралдаан наадам зэрэг өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг аймаг, орон нутгийн соёл урлагийн газар, нутгийн зөвлөл, боловсролын байгууллага, өвлөн уламжлагч хүмүүс, төрийн бус байгууллага зэрэг олон талын оролцогчтойгоор тогтмол зохион байгуулах цогц үйл ажиллагаатай бүтээн байгуулалт болж чаджээ. Монголын олон угсаатны соёл урлагийг язгуур шинжээр нь өвлөн уламжилсан “Хүн-Эрдэнэ” болсон ардын авьяастнуудын төв тайз ч гэж онцлон тэмдэглэж болох аж.

Монгол өв соёлын үргэлжлэл болсон “Өв эрдэнэ” театр нь Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монголчууд ястан угсаатнаараа, өв соёлоороо, ахуйн зан заншлаараа, Монгол үндэстэн бахархан хурайлдаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж соёлын салбарынхан онцлон тэмдэглэцгээж байна.

Дашрамд дурдахад Монгол Улсын уул уурхайн бүтээн байгуулалтын хамгийн том төслийг хэрэгжүүлэгч “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалт, менежментийг хариуцдаг “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон тэргүүтэй Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсад хүрэлцэн ирж, Монголын Үндэсний их баяр наадам болон “Соёлын наадам”-д саатах юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...