Улаанбаатар хот, 2023 оны 06 дугаар сарын 30 – Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС”) болон “Эйч Ти Эл” ХХК хооронд 2023 оны 01 сарын 02-нд байгуулсан “Гэр хорооллын ус түгээх байр автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах” гэрээний хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн 51 хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг автоматжуулах төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь гэр хорооллын бүсэд ус хангамжийн үйлчилгээг хүргэх, борлуулахтай холбоотой Ус сувгийн удирдах газраас (УСУГ) гардаг өндөр зардлыг бууруулах, үйлчилгээг сайжруулах зорилготой бөгөөд хоёр жилийн хугацаанд 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулснаар гэр хороолол дахь ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой юм.
Гүйцэтгэгч “Эйч Ти Эл” ХХК-аас ажлын зураг төслийг боловсруулж, 2023 оны 07 сараас эхлэн ус түгээх байрны шинэчлэлийн ажлыг Сонгинохайрхан дүүргээс эхлэн хийж гүйцэтгэхэд бэлэн болоод байна. Автоматжих ус түгээх байрны дийлэнх буюу 61 ус түгээх байр Сонгинохайрхан дүүргийн нийт 17 хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа бөгөөд тус дүүргийн иргэдэд төслийн талаар мэдээлэл хүргэх нээлттэй өдөрлөгийг 2023 оны 6-р сарын 30-ны Баасан гарагийн 11:00 цагт Толгойт дахь 207-р ус түгээх байрны гадна талбайд зохион байгууллаа.
Нээлттэй өдөрлөгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мянганы сорилтын корпорацын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын МСС, Монголын МСС-ын Хөтөлбөрийн менежментийн зөвлөх Тетра тех, Ус сувгийн удирдах газар, төслийн гүйцэтгэгч “Эйч Ти Эл” ХХК-ийн төлөөлөл болон Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны иргэд оролцлоо. Үйл ажиллагааг нээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Мянганы сорилтын корпорацын Дэд суурин төлөөлөгч Бурак Инанч, Монголын МСС-ийн ХМЗ-ийн Хөтөлбөрийн менежер Мохамед Элшафи, “Эйч Ти Эл” ХХК -ийн захирал З.Батзаяа нар үг хэллээ.
Өдөрлөгөөр төслийн зорилго, хүрэх үр дүн, төслийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудын мэдээллийг хүргэлээ. Гүйцэтгэгч компаний автоматжуулалтын инженер Аялуун ус түгээх ухаалаг төхөөрөмжийн загварыг танилцуулж, зочдын сонирхсон асуултанд хариуллаа.
###
Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.