Бага сургуулийн багш 23 настай эмэгтэй сургууль дээрээ амиа хорлож нас барсан хэрэг Солонгост гарсан. Түүнийг эцэг эхчүүдийн дарамтнаас болж ийм байдалд хүрсэн гэх урьдчилсан таамаг байгаа бөгөөд энэхүү эмгэнэлт явдал Өмнөд Солонгосын бага сургуулийн багш нарын уур бухимдлыг төрүүлж олон мянган багш нар даваа гарагт ажил хаялт зарлалаа. Сүүлийн зургаан долоо хоногийн турш Сөүл хотод хэдэн арван мянган багш нар жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн бол ийнхүү тэмцлээ шат ахиулж ажил хаяжээ. Тэд багш нарын ажлын байран дахь ажиллх нөхцөл, хамгаалалтыг сайжруулахыг шаардаж байгаа юм.
Талийгаач багш нэг жил гаруй багшилсан бөгөөд өдрийн цагаар болон амралтын өдрүүдээр дуудаж, тасралтгүй, шударга бусаар гомдоллодог эцэг эхчүүдийн дарамт хэцүү байгаа талаар өдрийн тэмдэглэлдээ бичсэн байжээ. Тухайлбал амиа хорлохоосоо хэдэн сарын өмнө нэг сурагч өөр хүүхдийн толгойг харандаагаар хатгасан хэрэг гарч эцэг эхчүүдээс багш нэлээд шүүмжлэл авсан ажээ.
Багш нар хүүхэд хүчирхийлэгч гэж нэрлүүлэхээс айж эмээж сурагчдаа хүмүүжүүлэх боломжгүй, бие бие рүүгээ дайрах үед хөндлөнгөөс оролцоход хүндрэлтэй болсон. Хүүхэд хүчирхийллийн асуудалд өртсөн багш нарыг ажлаас нь шууд халахаар заасан 2014 оны хүүхдийн халамжийн тухай хуулийг эцэг эхчүүд буруугаар ашигладаг гэж багш нар үзэж байна.


