Монгол Улсад өнгөрсөн 7 хоногт үйл явдал өрнүүн байлаа. Гадаад хэргийн эмэгтэй сайд нар Монголд анх удаа чуулж, Экспортыг дэмжих хөгжлийн чуулга уулзалт мөн л манай эх оронд болов. Хэдхэн хоногийн дараа болох наадмаар манайхыг зорин ирэх холын гийчдийн цуваа тасрахгүй. Зочлох жилийн хүрээнд зочин гийчин ихтэй байх нь тодорхой болсон. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Цар тахлын дараа Ерөнхий сайд өмнөд хөршдөө айлчилж хил гаалийн түгжээг тайлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, том төслүүдийг хөдөлгөх чиглэлээр яриа хэлцэл хийсэн нь бараг хүн бүрд хамааралтай, аж амьдралд ойр сэдвүүд байсан гэж хэлж болно. Тоймлож нэгтгэвэл 3 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг Монгол руу татсан айлчлал болсон талаар эдийн засагчид онцожщлж байна.
Айлчлаас ирсэн хамгийн эхний таатай мэдээ нь манай улсын өмнөд хөрштэй нэвтрэлцдэг хамгийн том үүд болох Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн горимд шилжүүлэх тухай байв. Энэ боомт бол хүн, ачаа тээврийн хамгийн том урсгал. Тэр хэрээр асуудал ихтэй. Яг өнөөдрийн байдлаар гэхэд ачаа бараа бөөгнөрсөн, хуримтлагдсан олон асуудал бизнесийнхний тэвчээрийг барж байгаа. Энэ боомтыг 24 цагийн горимд шилжүүлнэ гэж тохиролцонгуут маргаашаас нь шууд ажил хэрэг болно гэж хоосон хүлээлт үүсгэж болохгүй. Хоёр талаас хамтарсан ажлын хэсэг гаргаад хэлэлцэх, тохирох зүйлсээ эцэслэтэл багагүй цаг хугацаа зарцуулах нь дамжиггүй. Ерөнхий сайдын айлчлалаар тохирсон ерөнхий зарчмуудыг богино хугацаанд бодит ажил хэрэг болгох нь холбогдох сайд, төрийн байгууллагуудын санаачилга, чадамжаас ихээхэн шалтгаална.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсоор хэлэлцээ хийхдээ Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт Зүүн хатавч боомтуудыг 2024 он гэхэд төмөр замаар бүрэн холбохоор тохироцов. Ерөнхий сайдын 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд 10 гаруй жил гацаанд ороод байсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын цэгийг харилцан тохиролцсон юм. Ингэснээр Монгол Улсын өмнөд хөрштэй хиллэдэг боомтууд “амь орж”, экспортын шинэ гарц нэмэгдэнэ гэсэн үг. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд экспортын гарцыг нэмэгдүүлэх нь асар чухал. Нэмээд Тяньжин боомтод эзэмшдэг 10 га газрыг тээвэр логистикийн төв болгож, далайд гарцтай болох саналыг Хятадын талд тавилаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд Эрдэнэбүрэний УЦС-ын зээлийн хэлэлцээрийг эцэслэж, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгахаар болсон нь монголчууд эрчим хүчний хараат байдлаас гарах мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам урагшиллаа. Хятадын Жөжян мужийн удирдлагатай уулзахдаа гангийн үйлдвэр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцсон аж үйлдвэрийн салбарынханд хамгийн сонсголонтой мэдээ байлаа. Ийм үйлдвэртэй болно гэж олон ч жил ярьсан, олон ч гоё төсөл бичсэн, олон ч удаа өөрсдийгөө хулхидсан. Монгол Хятадын авто тээврийн хэлэлцээр байгуулагдсанаар Хятадаар дамжин Вьетнам, төв болон дундад Азийн орнууд руу экспорт, импортын ачаа тээвэрлэх, мах, ноолууран бүтээгдэхүүнээ шинэ зах зээлд гаргах шинэ гарц нээгдэх нөхцөл бүрдэнэ.
Монголд зочлох жилийн хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй. Үүний 400.000-г БНХАУ-аас хүлээн авна гэж тооцсон байдаг. Өмнөд хөршийн жуулчдыг Монголд аялахыг урьж, хөрөнгө оруулагчдад монголчууд “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байж чадна гэдэг мэссэж өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлаын гол зорилгоо болгосон нь ажиглагдсан. Өмнөд хөршөөрөө дамжуулж далайд гарцтай болох, экспортын төмөр замуудаа холбосноор импортын хараатаас экспортлогч Монгол болох хэтийн хөгжлийн зорилго руу ойртоход гүйцэтгэх засаглалын тэргүүний өмнөд хөршид хийсэн энэ удаагийн айлчлалаар тохирсон хэлцлүүд чухал түлхэц болно. Хоёр улсын хооронд улс төрийн үл ойлголцол бараг байхгүй учир айчлалаар эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эн тэргүүнд тавьсан нь Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын гол онцлог байлаа.
Б.ТҮВШИНТӨГС