УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:
-Ч.Номин сайд та сая маш хариуцлагагүй үг хэллээ. Сүүлийн 20 жилд соёлын бодлого алдагдсан гэж. Хэдийгээр 23 жил бие даасан Соёлын яам байхгүй байсан ч соёлын бодлого алдагдаагүй. Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд байхдаа өнөөдрийн та бүхний ажиллаж байснаас хавьгүй илүү төвшинд ажиллаж байсан. Соёлын яам байгуулагдаад гурван жил болсон байхад сахил хүртээд шал дордов гэдэг шиг бидний хүлээсэн хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байгаа гэдгийг хэлчихье.
Шинээр байгуулагдсан театрт нь 100 жилээ тэмдэглье гэхэд ширээ, сандал ч байхгүй. Орон нутагт биентэйгээ уулзах, соён гэгээрэх газар нь ганц Соёлын төв байдаг юм. Улаанбаатар хотынх шиг олон газар байдаггүй юм аа гэдгийг гурван жил шаардлаа. Танайх яамнаас ганцхан Улаанбаатар хотод хийж байгаа ажлаа соёлын ажил гэж яриад байх юм. Соён гэгээрэх ажил нь Соёлын төв байдаг юм. Тийм олон газар байдаггүй гэж гурван жил ярьж шаардлаа. Хүүхдүүд гар утсаар үзэх боломжтой монгол контент үйлдвэрлэж байгаа, удахгүй гарна гэсэн. Энэ асуудал юу болов.
Энэ үйлдвэрлэл нь соёлын бүтээлч үйлдвэрлэлдээ орох уу. Монгол хүүхдүүд гадаад контентыг тогтмол гар утсаар үзэж байгаа учраас хэлээ мартаж байна. Монгол ахуй, Монгол дотортой хүн болох бодлого алдагдаж байна. Улс орны хамгийн гол үндэстэн байх дархлаа нь хэл соёлын асуудал. Хүүхдүүд өнөөдөр англиар хэлд орж байна, монгол хүүхэд үзэх үндэсний контент алга. Ажил хийгдээд байгаа л гэдэг хэзээ вэ. Улс орнуудын дунд зөөлөн хүчний бодлого буюу улс орноо суртачлах асуудал маш хүчтэй хэрэгжиж байна. Засгийн газраас Монголд зочлох жилийг гурван жилийн хугацаанд зорилт зарлаад явж байна. Хууль батлагдсанаар энэ ажил сайжрах юм уу, ажлууд хийгдэх юм уу.
Бид хэд хоногийн өмнө “Тэнгис энимэшн” гээд дэлхийн тавцанд гарах хэмжээний хүүхэлдэйн кино хийж байгаа, хүүхдийн зан чанар төлөвшүүлэх 100 ангитай контент хийж байгаа залуучуудтай уулзсан. Та бүхнээс цаг хүсээд уулзаж чадахгүй байгаа юм билээ. Үйлдвэрлэл хийж байгаа хүмүүсээ та нар өнөөдөр хэр дэмжиж байгаа юм бэ. Хүхдүүдээ орон нутгийн иргэдээ соён гэгээрүүлэх ажил чинь хийгдэхгүй байна.
Соёлын сайд Ч.НОМИН:
-Монгол Улсын соёлын бодлого алдагдсан байна гэдэг судалгааг эрдэмтэн судлаачид гаргасан учраас Соёлын яамыг шинээр байгуулсан. Соёлын яам байгуулагдсанаар тогтолцооны хувьд шинэчлэдсэн, төсөв нэмэгдсэн. Шинээр үүсгэн байгуулагдсан солёын төвд техник тоног төхөөрөмж байхгүй байгаа гэдэгтэй санал нэгдэнэ. 330 суманд байгаа Соёлын төвийг тоног төхөөрөмжтэй болгоход нэг суманд 291 сая төгрөг, нийт дүнгээрээ 33.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. 2024 оны төсөвт санал болгож оруулсан. Тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд та бүхнийг дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэж байна. Соёлын сэргэлт арга хэмжээг орон даяар зохион байгуулж байгаа. 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сумыг тойрсон арга хэмжээ зохион байгуулж байгаа.
Соёлын бүтээгдэхүүн үйлчилгээ нэг сайдын шийдвэрээр гардаг тогтолцоо байж болохгүй гэж үздэг. Кино урлагийг дэмжих сан, Соёл урлагийг дэмжих сангууд дээр бодлогыг тодорхой гаргаж, аливаа уран бүтээлч өөрийн бүтээлээ танилцуулж, шаардлагатай санхүүжилтээ авч явах нь маш зөв тогтолцоо болов уу гэж харж байгаа. Кино урлагийг дэмжих сангийн хүрээнд хүүхдийн кинонд зориулсан санхүүжилт саяхан гарсан. Эхний бүтээл нь кино театрт нээлтээ хийчихээд явж байгаа, дараагийн бүтээлүүд нь гарна. Уран бүтээлдээ санхүүжилт авах хүмүүсийн хувьд Кино урлагийг дэмжих санд хандах хэрэгтэй.
Соёл урлагийг дэмжих сангийн хувьд нийт санхүүжилтийнхээ 50 хувийг хүүхэд залуучуудад хандан зориулсан үндэсний агуулгатай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход зориулан хийдэг. Энэ сан бол шинэ зүйл биш. Соёл урлагийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан бол өмнө нь байсан, олон жил явж ирсэн. Одоо бол хуультай холбогдуулж нэр томьёоны тухай л хөндөгдөж байгаа юм.