Хориг тавиагүй ч гэрийн даалгавраа сануулсан Ерөнхийлөгчийн УЛС ТӨР

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Ерөнхийлөгч нотлон баталгаажуулав. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.11-д “Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосноос хойш ажлын хоёр өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж, танилцуулна”, 18.12-т “Монгол Улсын Ерөнхийлөгч танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор “… оны … дугаар сарын …-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч …” гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална” гэж заасны дагуу төрийн ёс үйлдсэн хэрэг. Түүнээс зарим хүний ташаарч ойлгон бухимдаад байгаа шиг Ерөнхийлөгч хууль баталдаг болчихсон юм биш. Монголын парламентын сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд ор дэрэн дотроо хууль засчихдаг, зүйл заалт хулгайлчихдаг явдал гарсаар ирсэн тул Үндсэн хуулийнхаа уг эхийг нотолж, баталгаажуулж байх нь тун чухал.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үйлдлээрээ УИХ болоод Засгийн газарт хэд хэдэн мэссэж өгөв. Юуны өмнө Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хориг тавихгүй гэдгээ тодорхой илэрхийлэв. Төрийн ордон дотроос ч, гаднаас ч Ерөнхийлөгчийг хориг тавиасай гэсэн хүсэмжлэл бодитоор байсан нь нуух шаардлагагүй үнэн. Хэрэв У.Хүрэлсүх парламентын засаглалыг тууштай дэмждэггүй бол, өндөр хувьтай байгаа хувь рейтинг дээрээ дөрөөлсөн богино зайн улс төр хийхийг хүссэн бол хориг тавих шиг амархан зүйл үгүй. Хуулиар олгосон бүрэн эрх нь байна, 76-гаас 126 руу үсэрч байгаа гишүүдийн тоог эсэргүүцсэн нийгмийн бухимдал ч бэлээхэн дүрэлзээстэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олонхоороо шийдвэр гаргадаг парламентын засаглалын талд тууштай зогсов. Гишүүдийн тоо өмнөхөөс нэмэгдэж байгаа нь олон нийтэд таалагдахгүй байгаа ч нэг хүний дарангуйлал руу гулсах эрсдэлийг хааж, парламентын засаглалыг бэхжүүлэн дархлаажуулах нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал алхам болно гэдэг том зургаар нь харсан болов уу. Өөрөө тодоръя гэсэн бол 126 гишүүнийг дэмжихгүй гэж ганц үг хэлэхэд нийгэм даяараа У.Хүрэлсүхийг шүтэхэд бараг л бэлэн нөхцөл байдал байна.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн институт нь өөрөө Монгол төрийн талцал хуваагдлын шалтгаан болж ирсэн эмгэнэлт улс төрд цэг тавихыг У.Хүрэлсүх хүссэн байж болох талтай. Өнгөрсөн түүхийг харахаар Ерөнхийлөгч нь нэр дэвшүүлсэн нам руугаа эргээд ноцдог, эсвэл нэр дэвшээд ялагдсан тавилантайгаа эвлэрч чадахгүй улс төрийг бужигнуулж самарсан хоёр янзын түүх л бий. Ерөнхийлөгч Н.Багабанди тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяртайгаа таардаггүй, “Шинэ сонголт”, “Урт шар дээлтээс болгоомжил” гэх мэт далд утгатай үгээр байнга хатгана, хорлоно. Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож чадаагүйдээ хорсож С.Баярт, МАН-д бүхэл бүтэн 10 жил “агсам тавьж”, МАН, МАХН хоёрыг хооронд нь алалцуулж, улс төрийг мөн ч их самарсан даа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Женко” Х.Баттулгад нар үзүүлэгүй, өнөөх нь зөрж Ерөнхийлөгч болоод Ц.Элбэгдоржийн эргэн тойрны хамаг хүнийг шоронд суулгаж өс хонзонгоо авсан. У.Хүрэлсүх бол ганцхан удаа 6 жилийн хугацаагаар сонгогдсон анхны Ерөнхийлөгч. Дээрээс нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ихэнх эрх мэдлээ тануулсан төрийн тэргүүн. Гурван жилийн өмнөх энэ өөрчлөлтийг хийхэд өөрөө гар бие оролцсон улстөрч. Тиймээс өмнөх Ерөнхийлөгч нарын алдааг давтахгүй, улсын Ерөнхийлөгч болчхоод улс төрийг бужигнуулж, улсаа хорлохгүй гэсэн амлалтаа эрхбиш санаж буй биз ээ.

Гуравдугаарт, Үндсэн хуульд сая оруулсан өөрчлөлт Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажсан Үндэсний баялгийн сангийн тухай гэх мэт олон хуулиар баталгаажиж, жинхэнэ утгаар тогтолцооны өөрчлөлт болж биежих учиртай. Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар маш олон асуудал эв зүйдээ орно гэсэн хүлээлт бий. Сонгогчид руугаа очих нүүргүй болсон улстөрчид жагсаалтын ард нуугдахгүй байх, хүчирхийлэл, фашизмд уриалсан намыг бүртгэхгүй, гишүүдийнхээ хурлыг 2 жил хийгээгүй намыг автоматаар татан буулгадаг байх гээд олон заалт төсөлд бичигдсэн. Ерөнхийлөгч улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх, сонгуулийн авлигыг хазаарлах, санхүүжилтийг ил тод болгох гэх мэтэд хатуу байр суурьтай байж, УИХ-ыг, улс төрийн намуудыг нэлээн хүчтэй шахах байх. Сонгуулийн тухай хуулийг энэ сарын 23-ны дотор амжиж батлах хуулийн хугацаатай. Энэ бүхэн Засгийн газар болоод улс төрийн намуудад Ерөнхийлөгчөөс өгч буй гэрийн даалгавар гэж хэлж болно. Даалгавраа сайн хийхгүй бол 2024 онд болох УИХ-ын сонгуульд бүгдээрээ муу дүн авцгаана, асар хүсэж хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт эргээд үнэгүйднэ.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...