Боловсролын зээлийн сангийн баримтуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зээлээс чөлөөлөгдөнө гэсэн хуулийн ойлголт байхгүй. БЗС маш олон залууст боловсролын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ агуулгаараа зөв. Гэтэл гадаадын их, дээд сургуульд суралцагчдад олгосон зээл нь буруу замаар будаа тээсэн. Нийт БЗС-ийн өнөөдрийн долларын ханшаар авч үзвэл 363 тэрбум төгрөгийг 2368 оюутанд улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон гэсэн үг.
Үүний 421 нь бакалаврын түвшин, 1947 нь магистр, докторын түвшинд суралцах оюутнуудад олгожээ. Бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгосон 167 тэрбум төгрөгийн эргэн төлөлт байхгүй. 100 хувь эргэн төлөгдөөгүй. Магистр, докторын түвшинд суралцсан оюутнуудын 41 хувь нь зээлийн эргэн төлөлтөөс хууль бусаар буюу сайдын тушаалаар чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, БЗС-аар гадаадад сурсан хүмүүс зээлээ төлнө гэж огт боддоггүй юм байна. Учир нь УИХ зээлээс чөлөөлөх журмыг батлах ёстой. Гэхдээ тус журмыг батлаагүй. Гэтэл сайд нарын тушаалаар баахан зээл чөлөөлөгдчихсөн байна. 363 тэрбум төгрөг авсан зээлдэгчдийн 90 хувь нь өндөр албан тушаалтан буюу мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхэд байна” гэв.