Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр E-Business платформын нээлтэд оролцсон юм. Энэ үеэр хүүхдийн мөнгөний асуудлаар сэтгүүлчдийн асуултад ийн хариулав. Тэрбээр “Олон улсын байгууллагуудаас төсөв чинь маш хүндрэлтэй, Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээний эрсдэлтэй байна. Тийм учраас бүх хүүхдэд олгох нь тохиромжтой биш. Зорилтот бүлэгтээ шилжүүл гэдэг шаардлагыг жил бүрийн төсөв хэлэлцэх үед тавьдаг. Тухайн үеийн нөхцөл байдал ийм байсан гэсэн үг. Уг зөвлөмжийг дагах зайлшгүй шаардлагад Сангийн яам, УИХ-ын ажлын хэсэг орсон.
Одоо нөхцөл байдал өөр болж байгаа учраас бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг эргэж харах боломжтой. Гэхдээ бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг ОУ-ын байгууллагуудтай ярилцаж хийхгүй бол төсөв хэтэрхий зардлаа тэлээд байна гэдэг шүүмжлэлд эргээд орно. ОУВС-ийн хөтөлбөр, ФАТФ-аас төсвийн задаргаанд шинэчлэл хий гэдэг шаардлагууд байдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Бүх хүүхдэд мөнгийг олгох санхүүгийн эх үүсвэрийг зургаа юмуу долоодугаар сард шийдэх боломж бүрдэж эхэлнэ” хэмээлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувь буюу 1.2 сая орчим хүүхдэд сар бүр 100.000 төгрөгийн тэтгэмж олгож байгаа нь тэгш бус гэсэн шүүмжлэл дагуулаад буй. Гэхдээ 91 хувьд олгож байгаа гэдэг эргэлзээтэй. Сүүлд Үндэсний статистикийн хорооноос гаргасан аргачлалаар ипотекийн байр, хувийн машинтай өрхүүд бараг бүгд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байдаг. Ерөнхий сайдын хэлснээс үзвэл наадмын өмнө хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бүх хүүхдэд нөхөн олгох бололтой.