Тамганы хэрүүлээсээ салаагүй АН-ыг бүлэггүй болох АЮУЛ НӨМРӨВ

Улсын дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж автал тамганы маргаан шинээр дэгдэв. Өнөөх гайхал С.Эрдэнэ би АН-ын дарга хэвээрээ гээд хээвнэг алхаж явна лээ. Энэ хэрүүл хэр хугацаанд үргэлжлэхийг Балхжав гавьяат ч үл таах биз. Даргын суудлын, тамганы дардасны төлөөх дажнаас илүү том аюул АН-ыг нөмрөн авчээ. Тэд өөрсдөө анзаарсан эсэхийг мэдэхгүй ч 2004-2008, 2016-2020 оны парламентад АН бүлэггүй болж байсан түүх энэ удаад давтагдахад ойрхон байна. Сөрөг хүчний улс төр хийх хамгийн чухал талбар нь УИХ дахь бүлэг нь байдаг. Улс төрийн намуудыг УИХ-д суудалтай, суудалгүй гэж ангилаад байдгийн утга учир нь парламент дахь бүлэгтэй нь холбоотой. Ялангуяа цөөнхийн бүлэг сайн ажиллавал ардчиллын дархлаа нэмэгддэг гэхэд хилсдэхгүй.

Өмнөх түүхээс харахад АН урвагчдаасаа болж УИХ-д бүлэггүй болж байв. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Ж.Батзандан, Лу.Болд нар эрх баригчдад биеэ үнэлж, албан тушаалын тохиролцоо хийснээр УИХ-д АН бүлэггүй болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд бүлэггүй болсон АН хүчгүйдэж, аргаа барахдаа хэлэлцүүлгийг орхин гарч байлаа. Түүнээс өмнөх түүх нь 2004 онд байгуулсан “Эх орон-Ардлчилал” эвслийг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, тухайн үедээ Эх орон намын гишүүн байсан, хожмоо Ерөнхийлөгч болсон Х.Баттулга нар тараасан түүхтэй. Бүлэггүй хоцорсон АН-ынхан тухайн үеийн МАХН-тай нэгдэж, УИХ-д алдарт 62-ын бүдүүн бүлэг үүсэж байв. 62-ын бүлэг бол МАНАН-г албажуулсан бүтэц ч гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг.

Одоогийн парламентад АН 11 гишүүн бүхий бүлэгтэй. Бие дааж сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар сүүлд АН-ын бүлэгт нэгдсэн ч саналын эрхгүй, албан ёсны бүрэлдэхүүнд багтдаггүй. Хуулиараа хориотой. Гэтэл сөрөг хүчний цөөн гишүүнээс сая Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг Ерөнхий прокурорын саналаар түдгэлзүүлсэн тул одоо тэд арвуул үлдсэн. Тун удахгүй А.Адъяасүрэнг авлигын, Б.Бейсенийг ЭМД-ын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдуулан гишүүнээс нь чөлөөлөх магадлал тун өндөр. Сонгууль тулсан үед эрх баригч үнэмлэхүй олонхын бүлэг юу гээд л цөөнхийн гишүүдийг хайрлах вэ дээ. Дээлийг нь нөмрүүлэхийг хүснэ. Хэд хоногийн өмнөөс гишүүн Ж.Батсуурийг хилчдийн мэдэлд байсан “Андын илч” нүүрсний уурхайг хятадуудад зарсан гэх дуулиан дэгдлээ. Эрх бүхий байгууллага энэ гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирээд, эрх баригчид түүнийг нь хүлээгээд авчихвал УИХ-д АН шууд бүлэггүй болно.

Н.Алтанхуяг гишүүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Түүний бүрэн эрхийн асуудал ч хөндөгдөх өндөр магадлалтай. Гэхдээ хэдийгээр АН-ын бүлэгт харьяалагдах болсон ч бие дааж сонгогдсон хуулийн дагуу өөрчлөгдөх боломжгүй учраас Н.Алтанхуяг АН-ын бүлэгт гай тарихгүй. Нөхцөл байдал муу тал руугаа эргэвэл цагтаа АН-ын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн явсан гэдэг утгаараа сөрөг нөлөө нь ардчиллынханд ирэх нь гарцаагүй. Ховдоос сонгогдсон Ш.Адьшааг нүүрсний хэрэгт холбоотой гэж хэсэг шуугисан, өөрөө бол эрс үгүйсгэдэг. Энэ мэтээр АН-ын бүлгээр овоглодог гишүүдийн холбогдсон хэрэг, дуулиан тасрахгүй байгаа нь аюул ойрхон байгааг илтгэнэ. МАН-ын хүүхнүүд Сонгуулийн шинэ хуулиар жагсаалтын 50 хувийг эзэлнэ гэж хөөр болж явахад АН-ын А.Адъяасүрэн шорон руу яаж ачигдчихгүй байх вэ гэж шаналах нь хяслантай.

МАН-ын бүлэг ойрын өдрүүдэд дотроо алаантай байгаа ч АН-ыг хагалах, хүчгүйдүүлэх ажлыг тэд хамгийн сайн хийдэг. Болохгүй бол урвагчдыг нь худалдаад авчихдаг. С.Эрдэнэ ч, Лу.Гантөмөр ч нүүрсний гэх мэт том хулгай, авлигын эсрэг хийх тэмцэлд нам харгалзахгүй дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн удаатай. Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг АН-ын бүлэг дэмжихгүй гэж зөвлөх нь мэдэгдэл хийхийг хараад олон нийт гайхсан, сэтгэл дундуур үлдсэн байх. Бүлэггүй болох аюул ойрхон байгааг мэдээд ингэсэн ч байж болно. Гишүүдийнх нь тоо 8-аас доош ороход АН-ын бүлэг автоматаар тарж, үлдсэн хэд нь сул гишүүн болж хувирна.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...