БНХАУ-ын Ардын Үндэсний Конгрессын хуралдаанаар ерөнхийлөгч Ши Жин Пин-ы итгэлт хүн Ли Чиан-ыг (Li Qiang) өнөөдөр буюу 2023.03.11-нд БНХАУ-ын Ерөнхий сайдаар албан ёсоор сонгож, баталлаа. Ингэснээр Ли Чиан ирэх таан жилд БНХАУ-ын Ерөнхий сайдаар ажиллах нь ээ. Бээжин дэх Ардын их хурлын танхимаас гаргасан тоймоос үзвэл, хуралд оролцсон 2936 төлөөлөгч Лигийн төлөө санал өгч, гурав нь эсрэг, найман төлөөлөгч түдгэлзсэн байна. Тэрээр томилгдсоныхоо дараа “Орчин үеийн социалист улсыг байгуулахын төлөө шаргуу ажиллана” гэж тангарагласан байна. Тэрээр Ши Жиньпиний итгэлт дэмжигч, олон жилийн хамтран зүтгэгч гэгддэг бол ажлаа өгч буй Ли Көчиан Ерөнхий сайд нь өмнөх ерөнхийлөгч Ху Жин Тао даргын бүлэглэлийн хүн юм.
Шинэ Ерөнхий сайд Ли Чиан нь өдгөө 63 настай. Тэрээр Аравдугаар сард Коммунист намын (ХКН) хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд өмнөх Ерөнхий сайд нараас ялгаатай нь төв засгийн газрын түвшинд ямар ч туршлагагүй. Гэсэн хэдий ч тэрээр орон нутгийн засаг захиргааны хүрээнд баялаг карьертай бөгөөд Жэжян (зүүн) болон Зянсу (зүүн) зэрэг эрэг орчмын чинээлэг мужуудад чухал удирдах албан тушаал хашиж байжээ. Мөн өмнө нь Шанхай хотын даргаар маш амжилттай ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Ши Жин Пин ерөнхийлөгчийг 2002-2007 онд Жэжян (Zhejiang) мужийн намын дарга байх үед нь Тамгын газрын даргаар нь ажиллаж байв.
Өнгөрсөн хавар Шанхайд гарсан бослого үймэний үеэр түүний нэр хүнд жаахан унасан ч ерөнхийдөө бол нэр хүнд сайтай, туршлагатай удирдагч юм. Түүнийг бизнес сэтгэхгүй сайтай, амьдралд ихээхэн прагматик ханддаг гэсэн тодотгол дагалддаг.
БНХАУ, АНУ-ын харилцаа хурцдаж, тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байгаа эгзэгтэй үед шинэ Ерөнхий сайд дэлхийн хоёр дахь том эдийн засгийн жолоог атгах нь гэж дэлхийн хэвлэлүүд онцолж байна.