Ховорхон заяах гялалзсан авьяастай дуучин Пүрэвжавын Ганбат. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин тэрбээр 1970 онд Ховд аймгийн Чандмань суманд Д.Пүрэвжавын 7 хүүхдийн отгон нь болон төржээ. 1991 онд Соёл, гэгээрлийн дунд сургуулийг, 1996 онд Соёл Урлагийн Их Сургуулийг Ардын жүжигчин, дуурийн дуучин Д.Жамъянжавын удирдлага дор төгссөн байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Яаса Танычийн “Жангар” хамтлагт дуучин байжээ. Ховд аймгийн “Баянбулаг” амралтын соёл олон түмний зохион байгуулагчаар хөдөлмөрийн гараагаа эхлэн Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар, 1997 оноос урилгаар Оросын Холбооны Улсын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод, 2000-2004 он хүртэл Новосибирск хотын Дуурь бүжгийн академик театрт дуучнаар ажиллаж, амьдарч байв. Тэрбээр 2004 онд зуурдаар таалал төгсөж, Монголын дуурийн урлагт нөхөж баршгүй том гарз тохиосон юм.
Бүтээсэн дүрүүд:
Ц.Нацагдоржийн “Гэсэр” дуурийн Шар гэрт хаан,
Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн,
“Игорь ван” дуурийн Игорь ван,
“Кармен” дуурьд Эскамильо,
“Гилбэрийн хатан” дуурийн Елицкий,
“Трубадур” дуурийн Ди Луна,
“Евгений Онегин” дуурийн Онегин,
“Иолонта”-ийн Роберт,
“Богема”-гийн Марсель,
“Риголетто”-гийн Риголетто
зэрэг үндэсний болон сонгодог олон дуурийн гол дүрийг бүтээж, сонгодог урлагт од болон гялалзсан сод авъяастай дуучин юм.
Шагнал:
1996 онд “Учиртай гурван толгой”-н шилдэг дүрийн улсын уралдаанд Юндэнгийн дүрээр тэргүүн байр,
1997 онд Олон улсын М.И.Глинкагийн нэрэмжит 17 дугаар уралдааны 3 дугаар байр,
1998 онд Н.А.Римский-Корсаковын болон XI П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаануудын мөнгө, хүрэл медаль, Монгол Улсын “Гавьяат жүжигчин” цол,
2001 онд Оросын Холбооны Улсын дуурийн дуучдын уралдаанд 3 дугаар байр,
Францын Тулуз хотноо болсон Олон улсын дуурийн дуучдын уралдаанд 2 дугаар байрын шагналыг хүртжээ. Өнөө цагт Монголын дуурийн дуучид дэлхийн тайзан дээр амжилттай гялалзах болсон. Амартүвшин, Ариунбаатар гээд нэрлэвэл олон хүн бий. Эдгээр залуусын эдүгээ цагт гаргаж байгаа амжилтын зам мөрийг П.Ганбат агсан цэлийтэл нээж өгөөд оджээ. Тод мөртэй, сод авьяастай энэ хүмүүс бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан байх учиртай.