ДАРГА нарын шийдвэр дандаа АЛГА ТАШУУЛАХ АЛБАГҮЙ

Цаг агаарын цочир хүйтрэл олон үр дагавартай. Хөдөөд зам даваа хаагдана, малчид малынхаа араас яваад төөрнө, цаашлаад осгож амь эрсдэх ч эрсдэл ойрхон. Хот суурин газарт томуугийн дэгдэлт гаарна, авто замын хэт ачаалал буюу түгжрэл үүснэ. Намрын сар дуусахаас өмнө баасан гарагт орсон цас Улаанбаатарын замын түгжрэлийг дээд цэгт нь хүргэж, хүмүүс зам дээр 4-7 цаг зогссон. Бага ангийн бяцханууд, цэцэрлэгийн багачууд хичээлээ тараад түгжрэлд орж 23:00 цаг гэхэд харьж чадаагүй байгаа тухай цахим орчинд маш олон пост хөвөрч байв. Тэр хэмжээгээр машины яндангийн хорт утаагаар утуулсан гэсэн үг. Сургууль, цэцэрлэгийн багачууд энэ цагт унтаж амарч байх учиртай шүү дээ. Тэгэхээр цаг агаарын огцом өөрчлөлт маш олон сөрөг үр дагавар авчирдаг.

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийг цаг агаарын цочир хүйтрэлээс шалтгаалж нэг өдөр цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан нь ажил ихтэй, цаг зав муутай аав ээжүүдийн уур цухлыг барав. Хүүхдээ унтаагаар нь шахуу цэцэрлэгт хүргэж өгөөд зугтах шахуу ажил руугаа яардаг тэдний хувьд хүнд шийдвэр. Гэхдээ алийн болгон ажлаа нэгд, хүүхдээ хоёрт тавих юм бэ. Албан байгууллагууд цагийн менежмент хийж, ажилтнуудаа цахимаар ажиллах, үр хүүхдэдээ анхаарал тавих боломж олгох ёс зүйтэй болцгооё. Бүхнийг хүүхдийн төлөө гэдэг уриа чинь бандгар дарга нар хандиваар хэдэн төгрөг цуглуулж хав дарахыг хэлэхгүй. Хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах зэргээр жинхэнэ утгаар хайр халамжаа дэвсэхийг хэлнэ.

Олон нийтийн дургүйцлийг хамгийн их хүргэсэн шийдвэр заримдаа хамгийн сайн нь байдаг. Дугаарын хязгаарлалтыг анх хийхэд бүгд л шүүмжилж байсан. Харин өнөөдөр тэгш, сондгойгоор нь хязгаарлаад өгөөч гэж хүсээд сууж байх жишээтэй. Дүрэм зөрчдөг задарсан жолооч нарын мөнгөн торгуулийн хэмжээг нэмэхэд бас л уурлацгаасан. Одоо бол олон удаагийн зөрчил гаргасан бол жолоодох эрхийг бүх насаар нь хасаад өгөөч гэсэн санал гардаг болж. Дарга нарын гаргасан шийдвэр дандаа алга ташуулах албагүй. Төр заримдаа уул мэт бат сууж, хатуу шийдвэр гаргах ёстой. Том бодлого жижиг шүүмжлэлд дандаа бүдэрдэг байсаар байвал шийдлээ хүлээсэн олон асуудал хуримтлагдана, зовлон зузаарна. Эрх мэдэлтнүүд шүүмжлүүлэхээс айж арьсаа хамгаалсаар байгаад өнөөдрийн Улаанбаатарыг түгжрэлд нь живүүлж орхисон юм шүү дээ.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...