Иргэн Наран нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд болох 2 нас 1 сартай Одыг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх түргэн үйлчилгээний цэг дотор орхисон, прокуророос Нарангийн уг үйлдлийг “хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь төрүүлсэн үр хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй, хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ болох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Наранг хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг нь харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.
Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуульд “ … хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаалахаар, “… сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болох”-оор заасны дагуу 2 нас 1 сартай охин Одын эрх, ашиг сонирхлыг хамгаалуулах асуудлыг шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.