О.Цогтгэрэл АН доторх фракцуудын сүнсийг дахин дуудав

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд АН Онц их хурлаа хийв. Эл өдрийг монголчууд Их эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон. Том агуулгатай өдрийг сонгон хурлаа хийсэн АН-ын 1300 гаруй төлөөлөгч О.Цогтгэрэлийг намын даргаар батламжилжээ. Их хурлын төлөөлөгчдөөс “виз”-ээ авсан О.Цогтгэрэл намынхаа гал тогоог хариуцуулахаар УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийг санал болгон сонгуулав. АН-ын шинэхэн генсек Лу.Гантөмөр өөрийн багтаа УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нарыг урьж ажиллуулахаа мэдэгдэв. Ойрд ингэж олуулаа цуглаагүй учир АН-ын жирийн гишүүд цээжиндээ хуримтлагдсан үгээ чөлөөтэй гаргаж, дарга удирдлагуудаа шавиагаа ханатал шүүмжлэв. Тэдний дотор онгойсон байх.

Харин АН-ын удирдлагууд эв цавандаа бас л орж чадсангүй. Онц их хуралд АН-ын экс дарга С.Эрдэнэ оролцсонгүй. С.Эрдэнийн тодруулсан АН-ын дарга М.Тулгат ч ирсэнгүй. Тэд энэ Онц их хурлыг үл ойшоож, албан ёсных биш хэмээн гөжүүдэлсээр дуусгалаа. Эх орны өнцөг булан бүрээс цугласан 1300 төлөөлөгчийг үл тооно гэдэг бол өөрсдийнх нь хэлснээр АН дарга төвтэй нам болж эвдэрснийг тод харуулна. Улс төрийн нам бол мянга мянган гишүүд, тэдний мятаршгүй итгэл үнэмшил дээр тогтдог гэдгийг С.Эрдэнэ ч, М.Тулгат ч ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй нь харамсалтай. С.Эрдэнэ шүүхийн шийдвэрээр АН-ын удирдлагыг цаасан дээр хадгалж үлдэж болох ч гишүүдийнхээ дэмжлэгийг нэгэнт алдсаныг Онц их хурлын олон төлөөлөгч хэлжээ.

Энэ удаагийн Их хуралд Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар буюу МоАХ, МҮДН, Алтан гадас, Нэг ардчилал гэх мэт фракцуудын төлөөлөл ирсэн нь анхаарал татаж байна. Нэлээн хэдэн жилийн өмнө АН фракцгүй нам болно гэдгээ зарлаж байв. Гэхдээ О.Цогтгэрэл АН доторх фракцуудыг сүнсийг дахин дуудаж, тэдний дэмжлэгийг авч дарга боллоо. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрөө ирээгүй ч түүний ойрын хүмүүс ирсэн, Алтан гадас фракц эргэн амь орсон нь энэ удаагийн Онц их хурлын онцлох сонин байлаа. АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек Лу.Гантөмөр хоёул Увсынх. Ирэх жилүүдэд энэ намд Увсынхны хоршил ямар үр дүн авчрахыг цаг хугацаа харуулна. Засгийн газрын болон АН-ын гал тогоог Увсынхан удирдан чиглүүлэх нь ямар давхцал болохыг одоо урьдчилж элэхэд хэтэрхий эртэднэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...