Улстөрчдийн хувь тавилан их сонин. Ихэнхдээ өрсөлдөөн сөргөлдөөн дунд өрнөнө. Зарим тохиолдолд нийлнэ. Нийлэх нь маш ховор. МоАХ-ноос угшилтай С.Эрдэнэ гэдэг улстөрч Н.Энхбаярыг ид хаан байхад түүнтэй ана мана үзэлцдэг, нэг тойрогт өрсөлддөг цор ганц хүн байлаа. АН-аас Н.Энхбаяртай нэг тойрогт хүчээ үзчих зоригтон байгаагүй. Нийслэлийн Баянгол дүүрэгт өрнөдөг тэдний өрсөлдөөн дэндүү хүч тэнцвэргүй өрнөдөг байсан. С.Эрдэнэ гэдэг нэр дэвшигч Н.Энхбаяр гэдэг улстөрчтэй биш мөнгөтэй, эрх мэдэлтэй Монголын төртэй нүүр тулдаг байлаа. Тэр үед Н.Энхбаяр баян компаниудын төлөөллөөс хандив босгоод сонгуульд ялсныхаа дараа дэд сайдын албан тушаалаар ачийг нь хариулдаг байлаа шүү дээ. Бяртай байсаан.
Хожим Н.Энхбаяр Ерөнхий сайдаасаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд огцом дэвшээд явахад С.Эрдэнэ өнөөх Баянгол дүүргээсээ УИХ-ын гишүүнээр сонгогдсон, хүслээ биелүүлсэн. Бүр давраад Баянгол дүүргийн эрх мэдлийн салаа мөчир бүр дээр өөрийн хүмүүсээ байршуулж, МАН-ын, Н.Энхбаярын угшилтай бүгдийг зайлуулсан. Үүнд нь хорссон МАН-ынхан Баянгол дүүргийг Эрдэнийн Вант улс гэж шоглож ярьдаг болсон юм. Харин тэр үед Н.Энхбаярын карьер уруудсан. МАН-аасаа гарсан, МАХН-ыг байгуулсан ч өөрөө сонгуульд нэр дэвших эрхгүй болж, сүүлдээ төрийн хамгаалалтад байхдаа үүр цүүрээр оймсоо гозолзуулан ачигдаж хоригдсон. Ингээд авлигач нэр зүүж, шоронд өлсгөлөн зарлаж, эхнэрээ УИХ-д нэр дэвшүүлж юм юм л туулсан. Тэр өдрүүдэд С.Эрдэнэ давхар дээлтэй сайд хийгээд бяртай явсаан.
Намрын шар өдрүүд отголж байгаа энэ цаг үед Н.Энхбаяр найман жил гэр дотроо тэжээсэн МАХН-аараа наймаалцаж хүүгээ Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүн болголоо. Өмнө нь бас л шууд крандаж энэ хүүгээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгож байсан. Э.Батшугар бол гадаадын өндөр эрэмбэтэй, өндөр төлбөртэй сургуульд боловсрол эзэмшсэн боломжийн залуу. Гэхдээ тэрбээр өөрийн хүслээр бус эцгийнхээ шуналаар улс төрд хөл тавилаа, УИХ-д сонгогдлоо гэсэн олны шүүмжлэлээс ангид амьдрах боломжгүй болсон. Харин нөгөө талаас харвад Э.Батшугар ардчиллын буян хишгийг дээд хэлбэрээр хүртсэн азтай залуу. Ааавынх нь экс өрсөлдөгч С.Эрдэнийн хүү Э.Одбаяр бол өөрөө улс төрийн замнал сонгож, тусдаа нам байгуулсан. Товчхондоо бол одоо АН-ын тамгыг атгаж байгаа эцгээрээ крандуулаагүй. Э.Одбаярын зарим үйлдэл олон нийтэд таалагддаггүй ч гэсэн түүнд тэмцэгч чанар байгааг мэддэг болжээ.
Нэгэн цагт өрсөлдөж явсан хоёр аавын хоёр хүүгийн нэг нь Төрийн ордонд, нөгөө нь шоронд сууж байна. Э.Батшугар аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр төрийн эрх барих дээд байгууллагад эрх баригч намын том татаасаар орж ирсэн бол Э.Одбаяр өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд урилгагүй орж, улмаар өлсгөлөн зарлаад 20 орчим хонож байгаа. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Э.Одбаярын эрүүл мэнд ноцтой байдалд орсныг хэлж, нэн даруй суллахыг шаардсан ч эрх баригчид нүдэн балай чихэн дүлий суусаар байна. С.Эрдэнэ өөрийн твиттерт “Хүүтэйгээ уулзахад сэтгэл үнэхээр хүнд байсан. Аав минь та хэнээс ч юу ч битгий гуйгаарай. Би өөрийн сонгосон замаар тэмцлийнхээ эцэс хүртэл явна” гэж хэлснийг бичжээ.
С.Эрдэнэ олон нийтэд таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг сүүлийн хэдэн жил тэргүүлж байгаа. Гэхдээ тэр бол эцэг хүн. Э.Одбаярыг С.Эрдэнийн хүү болж төрснийх нь төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө улс төрийн хоригдол болговол Монгол Улс ардчилсан орон гэх тодотголоосоо сална. Э.Одбаярт гэм буруутай үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ түүнийг тогтоохын тулд заавал шоронд хорьж, тарчлааж, амь насыг нь дээсэн дөрөөнд дээр аваачих ёсгүй. Үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудын зүрх зоригийг шоронгоор далайлган мохоох коммунист арга барил аль хэдийнэ солигдсон. Хол зөрүүтэй амьдралтай ч Э.Батшугар, Э.Одбаяр хоёрт адилхан нэг боломж байна. Аав нарынх нь ээлжлэн засагласан он жилүүдэд тогтсон бурангуй, хүний эрхийг хөсөрдүүлсэн энэ тогтолцоог зад татан өөрчлөх боломж. Тэгэхийн тулд Э.Одбаярыг, бас иргэн Монголхүүг эхлээд шоронгоос суллах хэрэгтэй байна.
Б.ТҮВШИНТӨГС