Зуны дэлгэр цагаар 74 настай эмээ төрийн ордны гадна 45 хоногийн эсэргүүцлийн суулт хийв. С.Цэвээн гуай төрд голдоо ортол гомджээ. Өдий насны буурай угтаа бол насныхаа жаргалыг ач гучаа тойруулан эдэлж, Төрийн минь сүлд өршөө хэмээн цай сүүнийхээ дээжийг өргөн амар жимэр сууж байх учиртайсан. Тэрбээр энэ төрөөс сохор зоос нэхээгүй бөгөөд зөвхөн шударга үнэнийг шулуухан тогтоож өгөхийг хүссэн юм. Эрх мэдэлтнүүд энэ эмгэнийг хүн гэж тоолгүй, хөгшин гэж хайхралгүй хүйтэн цэвдэг нүүрээ харуулсаар байна.
Өдгөөгөөс 31 жилийн өмнө С.Цэвээний зэвсэгт хүчинд алба хааж байсан хань нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ. Хоёр нийгэм солигдох зааг, өөрчлөлт шинэчлэлийн нүргээн дунд насаараа мөрөө түшилцэнэ гэж бодож явсан ханиасаа хагацсан нь ямар хүнд байсан бол. Гэхдээ С.Цэвээнийг амьдын хагацлаас гадна хулгайч төрд дээрэмдүүлэх гунигт тавилан хүлээж байсныг хэн ч мэдсэнгүй. Нөхрийг нь талийгч болсны дараа нөхөн олговор олгосон мэтээр бичиг баримт хуурамчаар үйлдэн хулгай луйвар хийснийг хожим архиваас олж мэдсэн байна.
Нөхрийнх нь алтан амийг аваад зогсохгүй гэр бүлийнх нь нэр төрийг хулгайлахыг 74 настай С.Цэвээн хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэрбээр шударга ёсны төлөө тэмцэж эхэлсэн товч түүх энэ. Төр, засгаас халамж харамж горьдсонгүй, гэр бүлд нь нөхөн олговор олгосон мэтээр луйвардсан үнэнийг тогтоож өгөхийг хатуу шаардаж байгаа юм. Төрийн ордны гадна суулт хийж байхад нь хүн гэж тоож уулзсан түшмэл хуруу дарам цөөн. Дарга нар туслах, зөвлөх зэргээрээ элч зарсан хэдий ч асуудлыг нь ойшоосонгүй.
Сар гаруйхны өмнө УИХ-ын хэсэг гишүүн төв талбайд өлсгөлөн зарласан. Тэд Ерөнхийлөгч болохын тулд, намынхаа тамга тэмдгийг атгахын төлөө хэд хоног хэвтсэн. Тэгэхэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаасаа авахуулаад эвэртэн туурайтан болгон эрх мэдлийн төлөө өлсөөд хэвтэж байгаа гишүүдийг эргэж тойрч, сүүлдээ ханцуй дотроо тохиролцож наймаалцаад дууссаныг хүмүүс мартаагүй байх. Хөгийн юм их ч болсон доо.
Эмээ, эрх мэдэлтнүүд хоёрын ялгаа нь юу вэ. Гэр бүлээс нь хулгайлсан мөнгийг биш гутаан доромжлогдсон алдар хүндийг нь мэргээж өгөхийг 74 настай С.Цэвээн төрөөс хүссэн. Харин өлсгөлөн зарласан гишүүд эрх мэдэл, албан тушаал шаардсан. Тэмцлийн асар том ялгаа шүү. Хэрэв төв талбайд өлсөөд хэвтэж байсан УИХ-ын гишүүд үнэхээр л ардчилагчид юм бол тамга тэмдгээ булаалдан хэмлэлдэж суухын оронд шударга ёсыг шаардан тэмцэж буй эмээгийн талд зогсох учиртай. Улстөрчид шударга ёс ярьж зүгээр л шоуддаг гэдгийг л 74 настай эмээгийн тэмцлээс харж болох юм даа.