УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бол цөөнхийн хүчтэй дуу хоолой. Парламентын танхимд эрх баригчидтай ана мана үзэлцдэг, хүч түрдэг зандаа эрдсэн олонхыг хэрэндээ хазаарлах гэж зүтгэдэг. Ийм хэмжээний улстөрч үнэмлэхүй олонх бүхий одоогийн УИХ-д ганц биш олон байвал олон нийтийн хяналт хүчирхэгждэг нийгэмд бид амьдардаг.
Харамсалтай нь эрхэм гишүүн Б.Пүрэвдорж саяхны нэг өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргав. Азаар өрөөлийг гэмтээсэнгүй, өөрөө эрүүл мэндээрээ хохирсонгүй. Түүний согтолтын зэрэг маш өндөр, дээрээс нь хурд хэтрүүлж явсан нь камерийн бичлэгээс ил болсон. Камерийн бичлэг байгаагүй бол эрхэм гишүүн ямар байдлаар осол гаргасныг хэвлэлийнхэн ч, олон нийт ч мэдэхгүй өнгөрөх байлаа.
Сэтгүүлчид ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх гуравхан үгээр ам таглаж, хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтныг хаацайлахад нь игзаар хөдлөв. Жирийн иргэнийг бол тээврийн хэрэгслийн улсын дугаар, амтдран суугаа хаяг, нэрийн эхний үсгээр нь олон нийтэд шууд мэдээлж, муу муухайгийн жишээ болгон нээлттэй харуулдаг. Хууль зөрчсөн яг ижилхэн үйлдэлд тэнгэр газар шиг зөрүүтэй хандах нь шударга ёс яавч биш.
Б.Пүрэвдорж гишүүн ослоос нэлээн хэд хоногийн дараа өөрийн цахим хаягаараа дамжуулан олон нийтээс уучлал гуйжээ. Гэмшиж, уучлал гуйж байгаа нь мэдээж олзуурхууштай сайн хэрэг л дээ. тэрхүү уучлал гуйсан үгс дотор “Би жолоодох эрхээ хасуулсан, хашлага эвдэлсэн болон бусад төлбөрийг барагдуулсан шүү” гэх үгс анхаарал татав. Хохирлоо барагдуулчихсан байхад хорон үг чулуудаад байв аа гэсэн “аархал” үнэртэв. Хэчнээн их мөнгө төлөөд ч цайрдаггүй хохирол гэж бий.
Эрхэм гишүүний гаргасан ослын хамгийн том хохирол нь хашлага хайс, хэмхэрсэн машин, эсвэл өөрийнх нь хүчингүй болсон жолооны үнэмлэх биш л дээ. Төрийн хуулийн өмнө дархан эрх ямбаараа бамбайлан тусгай эрх эдэлсээр байгааг харж гутсан хүмүүсийн алдарсан итгэл хамгийн том гарз шүү. Төрийн өндөр албан тушаалтан согтуугаар жолооны ард сууж, хурд хэтрүүлж, осол гаргавал эрхэм гишүүний нэр хүндийг сэвтээхгүйн төлөө бат зогсож, мэдээллийг нь хав дарж тэгш бус байдал гаргаж байгаа нь хамгийн том хохирол юм.
Монголын нийгэм шударга ёсоор ангаж цангаж байгаа талаар улстөрчид хамгийн их ярьдаг. Тэрхүү шударга бус тогтолцоо УИХ дахь цөөнхийн төлөөлөл Б.Пүрэвдорж гишүүнд ч өчиггүй үйлчилж байгааг олон нийт харлаа. Даргад зөөлөн, иргэнд аянга цахилгаан шиг хатуурхаж үйлчилдэг тэгш бус байдал, шударга бус тогтолцоотой тэмцээрэй, Б.Пүрэвдорж гишүүн ээ. Хэрэв тэгж чадвал хууль зөрчсөн үйлдэлдээ үнэн голоосоо гэмшиж гэж ойлгоё.