АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эхлэн өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр бидэнд нэгдмэл байх бололцоо үүсээгүй.
Ер нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө эхлээд улс орны эрх ашиг гэхээс илүүтэй өөрийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхмуудыг хийж эхэлсэн. Энэ нөхцөл байдлаас улбаалан бид хоёрын дунд зөрчил үүссэн. Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг бүх талаар нь дэмжсэн. Хоёргүй сэтгэлээр ажилласан. Үүний үр дүнд Х.Баттулга ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь, тэр цаг мөчөөс хойш өөрийг нь дэмжсэн иргэд, хамтран зүтгэсэн гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэсэн. Энэ нь үнэхээр хариуцлаггүй үйлдэл гэж би боддог. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан маш олон амлалт нь амьдрал дээр биеллээ олоогүй. Дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулга Монгол Улсад хэрэгтэй ганц ч зүйл хийгээгүй.
Ардчилсан нам тухайн үеийн төрийн удирдлагуудын алдаатай бодлогыг шүүмжилж ирсэн. Эрх баригчдын шударга гишүүдтэй хамтарч Засгийн газарт хариуцлага ч тооцож байсан удаа бий. Харамсалтай нь, тухайн үед манай намаас гурван урвагч Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж эсрэг санал өгсөн. Энэ гурван хүнийг бэлдэж зохион байгуулж эсрэг санал өгүүлсэн хүн бол Х.Баттулга. Тухайн үед Ардчилсан нам энэ хариуцлагыг Х.Баттулгад тооцож чадсан бол улс төрийн нөхцөл байдал өөр байх байсан. Гэвч дээрх алхмыг хийлгэхгүйн тулд зориуд унагаж, Ардчилсан намыг хүчгүй, сүргүй сөрөг хүчин болгох эхний алхмыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тавьсан.
Сүүлийн дөрвөн жил МАНАН гэж ярьсан. Гэтэл МАН, Ардчилсан намын удирдлагыг үндсэндээ Х.Баттулга даргалж ирсэн шүү дээ. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцрох өдөр УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг л хэлсэн. Би түүнд нь ч баярладаг. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог дүрмийн бусаар зохион байгуулж, “Баянгол” зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм.
Тэд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Надад Монголын төрөөс хулгай хийсэн, хууль дүрмийг зөрчсөн нэг ч үйлдэл, нэг ч үйл ажиллагаа байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хуулийн хариуцлага хүлээхэд би бэлэн. Надаас уул уурхайн нэг ч лиценз, нэг ч төсөл тендерийн булхай, хээл хахуультай холбоотой хэрэг гарахгүй. Үнэнийг хэлэхэд би эрүүдэн шүүлтийн бай болж байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж, удаа дараа заналхийллээ.
Гурван жилийн өмнө дампуурсан “Капитал” банкны асуудлаар намайг унагаах гэж оролдлоо. Би 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгөхдөө Үндэсний аудит, Мэргэжлийн хяналтын шалгалт оруулахад ямар ч асуудал үүсээгүй. Гэтэл гурван жилийн дараа “Капитал” банкинд байсан 238 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан хэргийг надад тохох гэж оролдсон. Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг, тамгаа өг гэж шантаажилж ирсэн. Ерөнхийлөгч болон түүний гар хөл болсон Ц. Туваан мэтийн нөхдүүдийн увайгүй, дүрмийн бус үйл ажиллагааг би 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ыг хүртэл тэвчсэн. Одоо гэхдээ тэвчиж чадахгүй. Тиймдээ ч бодит үнэнийг хэлж байна. Х.Баттулга бид хоёрын хэн нь шударга ёс, ардчиллын төлөө явсныг цаг хугацаа харуулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.