Зээлдэгчдэд тавих шалгуурыг хөнгөлөхөөр тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов.

Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улс цар тахлын нөхцөл байдлыг даван туулж байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, улсынхаа эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр 10 их наядын санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулснаас 2 их наядыг нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд 3%- ийн хүүтэйгээр банкуудаар дамжуулж зээлээр гаргая, хүүгийн зөрүүг төрөөс даая гэж тооцсон. Үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллахыг гэж банкны салбарынхнаас хүсэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар ажлын байр 70 орчим  мянгаар буурсан. Хөл хорионы дэглэм үргэлжилж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй байсаар байвал цаашид 130 мянга хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянга төгрөг хүртэл нэмэгдүүлж,  ус, цахилгааны хэрэглээ, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авсан. Одоо бид бэлэн мөнгө тараах биш баялаг бүтээгчдээ, салбаруудаа дэмжих зорилго тавьж, тухайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж  үзсэн.

–       Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 0.5,

–       Стратегийн ач холбогдолтой төслүүдэд 2,

–       Монголбанкны дахин санхүүжилтийн төлөвлөгөөнд 2,

–       Орон сууцжуулах төсөлд 3,

–       Хөдөө аж ахуйн салбарт 0.5,

–     Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2 их наяд төгрөгийг тус тус зарцуулна гэсэн байдлаар  төлөвлөсөн  юм. Өнөөдөр та бүхэнтэй зээлийн хэрэгжилтэд ямар асуудал байгаа талаар сонсохоор ирлээ” хэмээн Засгийн газраас баримталж буй зарчмаа товч танилцууллаа.

Банкны салбарын төлөөллүүд салбарын өнөөгийн нөхцөл байдал, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг хүсэж буй банкны секторын бодлогын хүлээлтийн талаар товч илтгэлүүдийг тавьсан.

БАНКНЫ САЛБАРЫНХАН ЗЭЭЛДЭГЧДИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГЫГ БУУРУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА 

 Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монгол Улсын гадаад тэнцэл 2016 оны хүнд үеэс үлэмж дээшилж, 9 сарын хэрэгцээг хангах нөөцтэй байгаа нь эерэг үзүүлэлт юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтай богино хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, идэвхжүүлэх нь чухал.

Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухраагаад байна.

Монголбанкны танилцуулсан илтгэлээс:

 Томоохон төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй. Ингэхдээ санхүүжилтийг гадаад талтай хуваалцах нь оновчтой.

Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Банкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын нийт зардлын гуравны нэгийг технологийн хөгжилд зарцуулж ирсэн нь цар тахлын хямралын үед  банкны үйлчилгээг  иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад тусаллаа.

Ингэж салбарын үйлчилгээг цахимжуулахад 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Зах зээлд нийлүүлэгдсэн нийт зээлийн 40 хувийг эрсдэлтэй гэж үзэж байна. Одоогоор 150 мянга орчим зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацаа, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн 55 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийг тус тус хойшлуулсан байна. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлье, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө буюу ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэдэг саналтай байна.

Энэ хүрээнд

–       Банкууд зээлдэгчдээ тавих шалгуураа багасгаж, эргэн төлөх чадвартай эсэхийг л харах/Үүн дээр Засгийн газраас олон нийтийг тэгш хүртээмжтэй мэдээллээр хангах/

–       Төрөөс тавьж буй шаардлага ил тод байх

–       Хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх

–       Зээлдэгчдээ эрсдэлээс хамгаалах, хяналтын тогтолцоо бүрдүүлэх явдал” гэлээ.

Үндсэн илтгэлүүд дууссаны дараа асуулт, хариулт явагдав.

Монголын Банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлдэгчид тавьж буй шаардлагыг багасгах хэрэгтэй. Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан байх зэрэг шаардлагад олон аж ахуйн нэгж “бүдрэнэ”. Засгийн газраас хэрэгжүүлэх энэ зээлийн төлөвлөгөө бол арилжааны банкуудад ашиггүй ч банкны харилцагчдын орлого нэмэгдэж байвал урт хугацаандаа бүгд хожно. Банкуудын нийт мөнгөний 88% нь иргэдийн л мөнгө учир бид санаа зовохгүй байхын аргагүй” гэж байсан юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Төр өнгөрсөн жил 4.1 их наяд төгрөгийн ачааллыг төсөв дээрээ авсан. Цаашид нэмэлт ачаалал авах боломжгүй. Та бүхэн төртэй хамтарна гэж байгаа нь маш чухал дэмжлэг.

2020 онд ДНБ -ний өсөлт 6% буурч 70-аад мянган ажлын байр цомхтгогдсон. Монгол Улс нийт 820 мянган ажлын байртай. Дахиад эрсдэл хүлээж байна. Хэрвээ ингэвэл банкуудын нөхцөл муудвал  төсөвт нөлөөлөх эрсдэлтэй. Төсөв мөнгөний бодлого шууд харилцаа хамааралтай учраас хамтарч ажиллах шаардлагатай байна. Иргэдийн мөнгөөр иргэдийнхээ амьдралыг дэмжих гэж байгаа. 10 их наядын төлөвлөгөө банкуудын баланс дээрээ шууд ашиг авчрахгүй ч банкуудад өөрсдөд нь ээлтэй. Банканд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол харилцагч.

Эдийн засгийн хямралыг даваад гарсны дараа банканд сайн харилцагчид бий болно.  48 мянган аж ахуйн нэгж байгаагаас 27 мянга нь энэ 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагыг хангаж байгаа тооцоо байна” гэв.

ХААН Банкны гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяа “Уул уурхайн бус  салбарт олгож буй репо санхүүжилт 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Одоогийн төлөвлөгөөний дагуу манай банкны хувьд нийт зээлдэгчийн 88% нь тэнцэхгүй байна. Тэдний зээл нийт зээлийн багцын 38 хувийг эзэлдэг. Шинэ төлөвлөгөөнд зээлийн нөхцөлд заавал ХХК байна гэж зааж өгөхөөр хөдөө орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байна.

Манай банкны 28 мянган зээлдэгчийн 3,300 нь л тэнцэхээр байна. Тиймээс 500 хүртэл сая төгрөгийн зээлийг бичил бизнес эрхлэгчдэд, 3 тэрбум хүртэлх зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгох байдлаар тавигдах шаардлагын босгыг буулгаж өгвөл зохимжтой. Манай 24 мянган зээлдэгч 50-70 мянган хүнийг ажлын байраар хангадаг” гэлээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ:БАНКНЫ САЛБАРЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДЬЕ

Салбарын төлөөлөл саналаа ийнхүү илэрхийлж, Сангийн сайд тайлбар өгснөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн уулзалтаар миний хувьд банкууд бизнес эрхлэгчдэд хатуу шаардлага тавихгүй байгаач гэсэн хүсэлт та бүхэнд тавих гэж байлаа. Гэтэл эсрэгээрээ банкны салбар маань зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах санал тавьж байгаад баяртай байна. Тиймээс бид энэ асуудлыг эргэж харъя.

Хүнд суртал гаргахгүй байх бүх боломжийн талаар ярилцаж, шийдэл гаргахад нээлттэй. Ажлын хэсэг байгуулъя. Хяналт шалгалтыг багасгахад анхаарна.

Та бүхний санал болгож буй цахим хөгжлийг дэмжих хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх талаар ХЗДХ-ийн сайдтай хамтран ажиллаж, долоо хоногийн дотор шийдэл гаргая. Банкны салбарын цахимжуулах төсөл маш амжилттай хийгдсэнд талархаж байна. Цаашид төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад ч энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа.

Гэрлэлт, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бусад үйлчилгээг цахимжуулах зорилт тавьж ажиллаж байгаа. Мөн та бүхний санал тавьж буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгаж магадгүй.

Цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй. Эрсдэлтэй ч бид хүн амын эрүүл мэндээ, эдийн засгаа дэмжихийн тулд хөл хориог сулруулсан. Тавдугаар сараас хилээ нээхээ зарлачихлаа.

Шаардлага гарсан тохиолдолд аливаа үйл ажиллагааг гэнэт зогсоож, хөл хорио тогтоохгүй. Хамгийн багадаа 14 хоногийн өмнө зарлана. Энэ хооронд төр, хувийн хэвшил гэхгүй бэлтгэл хангах ёстойг бид ойлгож, харж авсан. Тиймээс одоо эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтарч даван туулна” гэлээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...