Цар тахлын үед эдийн засгаа дэмжих, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, тодорхой нөөц бүрдүүлэх зорилгоор нэр бүхий бүтээгдэхүүнийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Төслийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.
Хуулийн төслийг баталснаар 2021 оны Долоодугаар сар хүртэл 80 орчим компани гааль болон НӨАТ-ын 39 тэрбум төгрөгөөс чөлөөлөгдөнө гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ.
Хуулийн төсөлд цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, малын тэжээл, хүнсний улаан буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа хэдий ч ийнхүү татвараас чөлөөлснөөр иргэдэд очих үнэ тогтвортой улмаар буурах ёстой гэдгийг анхааруулж байв.
Салбарын сайд хэрэв төслийг баталсан тохиолдолд үнээ нэмэхгүй байх, хүлээсэн үүргээ биелүүлэхийг хатуу шаардаж ажиллана хэмээн салбарын сайд хэллээ. Цар тахал хэзээ намдах нь тодорхойгүй, импортын тодорхой бүтээгдэхүүний хангамж тасалдах, улмаар үнийн өсөлт бий болохоос сэргийлж нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцгойлон хэлж байлаа.