Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Булган аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ Булган сумын Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус цогцолбор сургуульд олимпын наадмын анхны алтан медальт, Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр суралцан төгсөж байжээ.

2020-2021 оны хичээлийн жилд тус сургууль нь 1360 суралцагч, 103 багш, ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус сургуулийн музей, бөхийн танхим, олимпын аваргын суралцан төгссөн анги танхим, спорт заалаар зочиллоо. Бөхийн танхимд 6-18 насны 20 гаруй хүүхэд жүдо, үндэсний бөхөөр хичээллэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Булган аймгийн 208 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Булган аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг 208 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа.

Булган аймгаас энэ жил “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, Хоёрдугаар зэргийн одонг 186 ээж тус тус хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа:

“Монголын үзэсгэлэнт сарангуа эхчүүд ээ,

Хайр, энэрлийн эх ундарга болсон ачлалт ээжүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний ирээдүй, өрх гэрийн гэрэл гэгээ болсон энхрий бяцхан үрсээ өлгийдөн авч, сэтгэл тэнүүн өсгөн хүмүүжүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг зөв хандлагатай, эерэг сэтгэлгээтэй, чадварлаг боловсон хүчин болгон өсгөн хүмүүжүүлж буй ЭЭЖ нарын нөр их зүтгэл, хөдөлмөрийг монголын төр өндрөөр үнэлж ирсэн.

Үүний бодит илэрхийлэл болгож, жил бүр төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм. Энэ бол бидний сайхан уламжлал.

Энэ жил цар тахлын улмаас “Эхийн алдар” одонг цаг хугацаанд нь гардуулж чадаагүй ч засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ цар тахлын хорио цээрийн дэглэмд нийцүүлэн өөрийн биеэр хүртээх нь зүйтэй гэж үзсэн.

Өнөөдөр Булган аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” одонгийн болзол хангасан 208 ээжид одонг нь гардууллаа. Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 22, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 186 ээж, тэдний гэр бүлийн хөөр баяслаас хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Ээжүүд Та нартаа халуун баяр хүргэе!

Хүн ам цөөтэй Монгол Улс хэзээнээс хүүхдийг эрхэм баялаг хэмээн үзэж, ээжүүдийг хүндэтгэн дээдэлж ирсэн. Харин ээжүүдийн нийгмийн хамгаалал, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролыг даацтай дэмжсэн бодлого үгүйлэгдэж байгаатай Та бүхэн санал нийлэх байх.

“Эхийн алдар” одон бол хүн амаа өсгөх бодлогын нэгээхэн хэсэг, эхчүүдийн хичээл зүтгэл, эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрийг төр өндрөөр үнэлж буйн өчүүхэн илэрхийлэл билээ. Төр үүнээс ч илүүг хийх үүрэгтэй.

Эхчүүдийг дэмжиж, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлд төрийн даацтай бодлого хэрэгжүүлж, хүн бүр сэтгэлтэй ажиллах ёстой гэж үздэг. Ингэснээр монголын ирээдүй болсон багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих, эхчүүд хүүхдүүдээ сэтгэл амар өсгөн бойжуулах нөхцөлийг бүрдүүлж чадна.

Миний бие энэ чиглэлд тодорхой санал, санаачилга гарган ажиллаж ирсэн. Цаашид эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн баталгааны асуудлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байлгаж, хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой олгох ёстой гэдэг байр сууриа тууштай хадгалах болно.

Түүнчлэн ээжүүдийн үр хүүхдүүдийнхээ төлөө цаг наргүй зүтгэж буй нөр их хөдөлмөрийн үнэ цэнийг ч үнэлж урамшуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, цаашид бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан, бидний хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Булган аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн угаас халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Булган аймаг дахь томилолт үргэлжилж байна.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...