Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ коронавирусний эсрэг дэлхийн анхны вакциныг бүтээсэнд ОХУ-д баяр хүргэлээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд есдүгээр сарын 20-21-ний хооронд ОХУ-д айлчилж буй юм.
“Цар тахлын үед хийж буй миний айлчлал бидний харилцаанд шинэ уур амьсгалыг авчирч, хоёр орны харилцааг шинэ голдиролд оруулна гэж үзэж байна” гэж Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийхийн өмнө хэлэв. Тэрбээр ОХУ-д хийж буй айлчлал нь Монгол Улсын шинэ Засгийн газрын гишүүний хувиар хийж буй анхны айлчлал болохыг онцлон тэмдэглэлээ. “Энэ нь Монгол-Оросын харилцааг хөгжүүлэхэд бид ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Мөн би коронавирусний дэлхийн анхны вакциныг гарган авч чадсан эмч нар, эрдэмтдэд, ОХУ-ын Засгийн газраас гаргасан хүчин чармайлтад Монголын ард түмний өмнөөс баяр хүргэхийг хүсэж байна” гэж Монгол Улсын Гадаад хэргийн сайд нэмж дурджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, цар тахлын улмаас хязгаарлалт тогтоосон хэдий ч хоёр орны харилцаа хөгжиж байгааг онцлон тэмдэглэжээ. “Өнөөдөр бид хоёр талын харилцааны бүхий л асуудлаар болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар нарийвчлан ярилцаж, Ерөнхийлөгч нарынхаа хэлэлцээрийг хөгжүүлэх цаашдын алхмуудыг тодорхойлно гэж найдаж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Коронавирусний халдвартай тэмцэх чиглэлээр ОХУ, Монгол Улсын Эрүүл мэндийн яамд болон эмнэлгийн бусад байгууллагын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж С.Лавров хэлэлцээний дараа мэдэгдлээ. “ОХУ, Монгол Улсын хооронд коронавирустэй тэмцэх асуудлаар хамтын ажиллагаа хэдийнэ тавигдсан. Бид энэ чиглэлээр шаардлагатай тусламжийг харилцан үзүүлэх зорилгоор цаашид арга хэмжээ авахаар тохиролцлоо. Түүнчлэн Эрүүл мэндийн яамдын болон холбогдох бусад албадын шугамаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тохиролцоонд хүрсэн” гэж тэрбээр хэлжээ.
Цаашид хийх уулзалтууд
ОХУ-ын Гадаад хэргийн сайд мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд түүнийг Улаанбаатарт айлчлахыг урьсан болохыг мэдээллээ. “Ноён сайд намайг Улаанбаатарт дахин зочлохыг найрсгаар урьсан бөгөөд айлчлалыг дуртайяа хийхийг хичээнэ” гэж С.Лавров хэлэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын хэлснээр, 11 дүгээр сард болох худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дараагийн хуралдааныг видео хурлын хэлбэрээр явуулна.
Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн эрдэмтдийн гарган авсан “Спутник V” вакцин нь улсын бүртгэлд бүртгэсэн дэлхийн хамгийн анхны коронавирусний вакцин болсон билээ. Уг вакциныг наймдугаар сарын 11-нд бүртгэсэн юм.