“Их Хуралдай” клуб байгуулахаар болжээ

Энэ жил Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцов. Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж математикийн олон улсын цахим олимпиад зохион байгуулах ажилд оролцож байгаа тул хүрэлцэн ирж амжсангүй. Уулзалтын эхэнд Парламентын 30 жилийн ойг угтан хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Ойн хүрээнд парламентын ардчиллыг бэхжүүлэх, цахим парламент болох, 30 жилийн хугацаанд Монголын парламентын олсон ололт, хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, үе үеийн парламентчдын хуримтлуулсан туршлага, мэдлэгээс суралцах, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөө, чанарыг сайжруулахад түлхүү анхаарч байгааг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-ын дарга нар засаглалын тогтолцооны хяналт тэнцэл, намуудын төлөвшил, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудал, парламентын болон гишүүдийн нэр хүнд, ёс зүй зэрэг олон асуудлаар санал солилцож, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын засаглалтай улс орнуудад “Спикерүүдийн клуб” гэж байдаг жишгийн дагуу үе үеийн Их Хурлын дарга нарын “Их Хуралдай” клуб байгуулах санал тавьсныг Их Хурлын дарга нар санал нэгтэй дэмжлээ.

Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм байх юм.

“Их Хуралдай” клубийн гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, Клубийн тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд клубийн үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...