Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 7 дугаар багт байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж, тус уурхайн ажилчид болох иргэн Б /19 настай, эрэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан гэх дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн 14 алба хаагч тус уурхайд аврах ажиллагааг явууллаа.
Үндэсний аврах бригадын удирдлага, хурандаа Д.Намсрай цагийн байдлыг шуурхай үнэлж, боломжтой бүхий л арга хэмжээг цаг алдалгүй, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсаны үр дүнд 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10:47 цагт Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар багийн харьяат иргэн Б-г 83.1 метрийн малталтаас эсэн мэнд гарган авч тус сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа. Мөн аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж 08 дугаар сарын 17-ны өдрийн 04:15 цагт иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө.