УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр дамжуулан зээл авсан Д.Дамба-Очирыг шүүхэд албадан ирүүлэх шийдвэр гарчээ.
2020 оны долдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарласан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдэлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байдаг.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.