Шинэ эвслээс 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж тус эвслийн дарга Ж.Батзандан УИХ-ын сонгуульд нэг ч суудал авч чадаагүй тул хариуцлагаа хүлээж албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр ялагдлынхаа шалтгааныг “Шинэ эвсэл” нэгдэж нягтраагүйнхээ горыг амслаа гэж тайлбарласан юм.
Ж.Батзандан:
-УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Шинэ эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож, 200 гаруй мянган иргэний санал авсан байна. Шинэ эвслийн төлөө саналаа өгсөн 230 мянга гаруй иргэддээ талархал илэрхийлье. Мөн дэмжээгүй мянга, мянган иргэдийн саналыг авахын төлөө хичээн ажиллана.
Миний бие Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшиж, 20 гаруй мянган иргэний санал авлаа. Гурван мандаттай, дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга маань Чингэлтэй дүүрэгт дөрөвт орлоо, Л.Болд дарга маань олон мянган хүний санал авлаа. Хөдөө орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид маань ч олон санал авлаа. Харамсалтай нь, бид нэг ч суудал авч чадсангүй. Энэ маань бид үйл хэрэг, үзэл санаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж бодож байна гэв.
Л.БОЛД: /Шинэ намын Төв зөвлөлийн дарга/
-Ардчилалд халтай сонгууль боллоо. Хэдийгээр Шинэ эвсэл УИХ-д суудал авч чадаагүй ч шударга ёсны төлөө тэмцсэн таван гишүүний гурав нь дахин УИХ-ын гишүүн болохоор боллоо. Тиймээс хариуцлага хүлээн улс төрийн албан тушаалаасаа огцрох болсноо зарлаж байна.
Бүгд найрамдах намын дарга Б.ЖАРГАЛСАЙХАН:
-Коронавирусээс эхлээд МАН олонх болох бүхий л нөхцөл бүрдсэн үе байлаа. Ахмадуудын зээлийг тэглэсэн. Ахмадууд үр ачдаа приус аваад өгчихсөн, байрны зээлийн урьдчилгаа болгосон байсан тул төрийн минь сүлд өршөө гээд бүгд үр хүүхэдтэйгээ очоод саналаа өгчихсөн. Мөн энэ удаагийн сонгуулийн санал 60-100 мянган төгрөгийн үнэтэй байсан. Дээлээ өмсөж саналаа өгөөд 100 мянган төгрөг ав гээд нээлттэй зар тавьчихсан, саналаа өгсөн залуус банкин дээр дугаарлаж байсан.
Би ишиг шиг майлдаггүй, хурга шиг дуугай босоод явдаг. Манайх шиг шившигтэй сонгууль хийж байгаа улс дэлхий дээр алга. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо 100-хан мянган төгрөгөөр худалдчихаад танд саналаа өгсөн шүү гэж худлаа ярьдаг. Фэйсбүүк, твиттер, вэб сайтаар ороход таныг дэмжиж байгаа шүү, танд саналаа өгнө шүү гэдэг хэр нь хэн нь ч дэмжээгүй. Офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэр. Одоо ингээд дуугай амьдар.