1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийг өөрчилнө гэж лав л гурван парламент дамнан яригдсан ч намуудын улстөржилтөөс болоод амжилт олдоггүй байв. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН УИХ-д 65 суудал авч, дангаараа Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний эрх мэдэлтэй болсон юм. Ингээд өмнө нь бэлэн болсон төслүүдийг нэгтгээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлав. Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн өөрчлөлтийг эрх баригчид тэнгэрт тултал магтдаг бол санасан хэмжээнд хүрээгүй гэж сэтгэл дундуур үлдсэн хуульчид ч цөөнгүй байдаг.
Юутай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөхөөр заасан. Зургаа хоногийн дараачаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ гэсэн үг.