Б.Баатархүү: Цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон байхад үүнийг санаатайгаар зөрчсөн

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрийн шинжтэй үзэгдлүүд ар араасаа гарч байна. “Битгий давар” гэх уриа лоозон барьж жагсаал хийсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож тайлбар мэдүүлэг авчээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тавдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газар жагсаал цуглаан зохион байгуулагдсан. Жагсаалд оролцсон иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусыг цагдаагийн байгууллагаас тушаал, заавраар хэлэх эрхэнд халдаж байна. Ардчилсан нийгэм мөн үү гэх мэт зорилтот мэдээллүүд олон нийтэд тарааж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаж цуглах эрхтэй гэж заасан байдаг хэдий ч жагсаал цуглаан хийх үйл ажиллагаа нь жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар зохицуулагдана гэж Монгол Улсын Үндсэн хуулинд заасан байдаг. Өнөөдөр Дэлхий нийтийг цочроож байгаа “Ковид 19” цар тахлын үед Монгол Улс онцгой дэглэмийн үед ажиллаж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон байхад үүнийг санаатайгаар зөрчсөн. Үүнийх нь дагуу цагдаагийн байгууллагаас зөрчлийг таслан зогсоож тухайн жагсаал цуглаанд оролцсон иргэдээс тайлбар авсан. Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хуулийн хүрээнд байх ёстой. Хууль тогтоомж зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулсан тохиолдолд цагдаагийн байгууллага шаардлага тавьж, таслан зогсоох ёстой.

-Жагсаал зохион байгуулсан хүмүүсийг олж тогтоосон уу?

-Урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Зөрчлийн хэрэг нээгээд шалгалтын ажил явагдаад гэм буруугийн асуудал шийдвэрлэгдсэний дараа тодорхой мэдээлэл өгөх нь зөв байх. Оролцсон их дээд сургуулиудын оюутнуудаас тайбар авахад “төлбөр мөнгө өгч татан оролцуулсан” байж болзошгүй мэдээлэлтэй. Аливаа үйл ажиллагааг явуулахдаа хууль тогтоомжийн хүрээнд, дагаж мөрдөж байх нь та бидний үүрэг.

-Олны танил, улс төрд нэр нөлөөтэй эрхмүүд “Ц.Нямдоржийн цагдаа нар улс төрчийн заавар, захиалгаар ажиллаж байна” гэх ойлголтыг нийгэмд тараах боллоо. Цагдаагийн байгууллагын чиг үүргийн талаар тодруулахгүй юу. Үнэхээр Ц.Нямдорж сайд даалгавар өгч цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцох эрх зүйн зохицуулалт байдаг юм уу?

-Улс төрд нөлөө бүхий болон олон нийтэд танигдсан эрхмүүдийн зүгээс холбогдох хууль тогтоомжоо мэдсээр байж цагдаагийн байгууллагын хуульд нийцсэн үйл ажиллагааг мушгин гуйвуулах гэсэн мэдээллүүдийг цацсан байна. Цагдаагийн байгууллагыг салбарын сайдаар нь овоглож, тэрний цагдаа, энэний цагдаа гэсэн нэр хоч өгч улс төр хийх гэсэн хандлага гэж харж байна. Албан тушаалтантай холбоотой хэрэг шалгах,  хууль зөрчин жагсаал цуглаан хийж байгаа асуудалд цагдаагийн байгууллагаас шаардлага тавихад өмнөөс “Та нар хэний даалгавраар явж байна” гэх байдлаар хандах тохиолдол байна. Монгол Улс хуультай улс, хууль зөрчсөн алива асуудлыг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын чиг үүргийг хуулинд тодорхой зааж өгсөн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Цагдаагийн байгууллага нь “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба” гэж заасан. Мөн цагдаагийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаанд хэн хэрхэн оролцохыг ч хууль тогтоомжоор тодорхой зааглаж өгчихсөн байдаг. Манай улсад өдөрт олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тэр бүрт олон нийт төдийлөн анхаараад байдаггүй. Өдөрт л 1000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Тодотгон хэлбэл цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд хараат бусаар явагддаг. Үүнд зөвхөн прокурорын байгууллага хяналт тавьдаг. Цагдаагийн байгууллага аливаа хэрэг зөрчлийг шалгахад хөндлөнгөөс хэн нэгэн улстөрч, албан тушаалтан нөлөөлөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй, шалгаж байгаа хэргээ зөвхөн прокурорын байгууллагад танилцуулж прокуророос хяналт тавьж ажилладаг. Хууль зүй, дотоод хэргийн яам бол цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавьдаг. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох, мөрдөгч дур мэдэн аливаа үйл ажиллагаа явуулах юм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болно. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг энэ мэтээр харлуулах, сулруулах гэсэн худал мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Хэвлэл, мэдээллийн байгууллага ч гэсэн энэ мэт худал мэдээллийг нийтэд мэдээлэхгүй байхыг уриалж байна.

– Цаг гарган тодруулга өгсөнд баярлалаа. 

А.Баярмаа 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...