Тойрог солин, давтан сонгогддог гишүүд бол эрх баригчдын хуйвалдааны гэрч

УИХ-ын сонгуульд бие даагчдын талаар өөрийн байр сууриа илэрхийлж улс төр судлаач, социологич Т.Хишигдулам дараах нийтлэлийг ирүүлжээ.

Сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдэг хувь хүнийхээ хувьд маш эрсдэлтэй шийдвэр байдаг. Юуны түрүүнд тэдний сайн мууг ярихаас өмнө бие даан нэр дэвших шийдвэр гаргаж буй хүмүүсийн эр зоригийг магтууштай. Гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, өрхийн орлогоороо дэнчин тавин хувь хүнийхээ орон зайг бусдын хэл ам, элдэв довтолгоонд нээж өгнө гэдэг яалт ч үгүй олон хүнээс гарахгүй л шийдэмгий алхам.

Та бидний эх орон хээл хахуулиас ангид, эх орон-нийт олны эрх ашгаас урвах төрийн зүтгэлтэнгүй, ард иргэд нь хөгжлийн талаарх үзэл бодол, хэтийн төлөвлөгөө, үйл хэргээрээ уралддаг байсан бол энэ яриа илүүц байх байлаа. Харамсалтай нь байдал тэс ондоо. Тиймээс Монголын төрд бугшсан, сүлбэлдсэн эрх мэдэлтнүүдийн сүлжээг таслах зоригт бие даагчдыг дэмжүүштэй.

Монгол Улсын төр, засгийн үйл ажиллагаанд 2004 оноос эхлэн гадаад дотоодын бүлгүүдийн тоглолт эрчимтэй явагдаж эхэлсэн. Төрийн эрх мэдэлд хүрч Монголын баялагийг гувчуулан завших сонирхолтой нам, эвсэлийнхэн сонгуулийн үйл явцад нөлөөлж төрийн шийдвэр гаргах болон гүйцэтгэх засаглалыг гартаа хийхээр улайран тэмцэлдсэний үр дүнд өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 50-аас илүүтэй хувь нь ядууралд өртөн, амь зогоох төдийд амьдарч байна.

УИХ-д тойрог солин, давтан сонгогдож буй гишүүд бол төрийн эрх барьж буй намуудын хуйвалдааны гэрч юм. Тэд МАН+АН нэртэй “хувьдаа хөрөнгөжих” үзэл дээр нэгдсэн улс төрийн сүлжээний эзэд юм. Нам дагасан сүлжээний эзэд гаднын эрх ашгийн бүлгүүдийн суртал ухуулгыг тоть мэт давтдаг. Тэдэнд эх орон-ард түмний язгуур эрх ашгийг танин мэдэх, ойлгох, хамгаалах, бэхжүүлэх хүсэл огт үгүй. Тэд ах дүү хамаатан саднаараа төрийн шийдвэр гаргах эрх мэдэлд шигдсэн. Нам дагасан эрх мэдэлтнүүд Монголын шим амтыг сүлжээгээрээ шимэн сорж байна.

Бие даан нэр дэвшигчдэд ажиглагдаж буй нийтлэг зүйл нь тэд ард түмний хүсэл эрмэлзэлийг таньсан, өөрийнхөөрөө гарц санал болгож буй явдал юм. Бие даан нэр дэвшиж буй хүмүүс та бидний дунд ажилладаг, амьдардаг бидний л адил хүмүүс. Тэдэнд УИХ-д сууж эх орон, газар шороогоо зарсан түүх байхгүй. Тэд ЖДҮ-дэж биднээс хумслаагүй. Тэд бидний л адил өөрчлөлт хүсэж буй хүмүүс. Мэдээж бие даагчид бүгд зөв сайн биш.

Бие даагчдын дунд боловсролтой, ажил амьдралын туршилгатай, зөв бодолтой хүмүүс зөндөө бий. Тэднийг л олж таних нь чухал. Тэднийг эвлэлдэж намд элссэнгүй гэх шүүмж зөндөө л гарч байна. Тэд нам дагасан хүмүүсээс ялгаатай. Бие даагчид намын “хорт утаанд”-д умбаж мансуурахыг хүсэхгүй байгааг дэмжүүштэй. Тэд анх яагаад сонгуульд өрсөлдөх болсон шалтгаанаа мартахыг хүсэхгүй байна. Тэд өөрийн үзэл баримтлал, шийдвэртээ үнэнч байхын илүүд үзэж зүтгэж эхэллээ. Монголд “нам” = “мафи” болсон учир бие даагчид эрх мэдлийн сүлжээний вирус болон сонгуульд нэр дэвшиж байна.

Зүдэргээгүй амь зуух нөхцөлтэй байсан бол ингэж олноороо бие дааж улс төрд үзэлцэхийг хүсэхгүй байсан биз ээ. Бүх нийтээрээ ажилтай, орлоготой, нийгмийн орлогыг тэгш хувиарлахын төлөө бие даагчдыг дэмжье. Олны хөрөнгөөр түрийвчээ түнтийлгэж, ах дүүгээрээ засаглахыг санаархаж буй НАМ-чдаас  салцгаая.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Модон байшин шатаж 3-5 насны гурван хүүхэд нас баржээ

Өчигдөр буюу энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн...

“Xexymix” брэнд E-Mart-д шинэ салбараа нээлээ

Монголчуудад хэдийнээ танил болж, эрч хүчтэй,  спортлог залуусын өмсөх...

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...