“Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-иас хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг эхлүүллээ.
Тухайлбал жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдардаг гэр хорооллын хэрэглэгчдийн оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гадна цахилгаан шугам тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах ажлыг хийж иргэдийн аюулгүй байдлыг хангуулахаар НОБГ, НМХГ-тай хамтран ажиллаж байна.
Дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлж уг үзлэг шалгалтыг ЭМЯ-с өгч буй заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулан явуулж байгаа ажээ.
Үзлэг шалгалтаар:
- Гэр хорооллын хэрэглэгчдийн хувьд тоолуурын нэгдсэн щитнээс гэр, сууц руугаа татаж цахилгаанд холбогдсон оруулгын утас нь тухайн хэрэглэгчийн өмчлөл, эзэмшилд хамаардаг. Иргэд хамгийн их анхаарах ёстой хэсэг бол оруулгын кабель утас юм. Энэ утас халж байна уу, шалбарч, эрчилж үү гэдэг дээр иргэд анхаарал, хяналт тавин мэргэжлийн хүнээс мэргэжил арга зүйн зөвлөгөө авах нь зүйтэй.
- Тоолуурын нэгдсэн щит нь эрчим хүчээр хангагч байгууллага буюу УБЦТС ТӨХК-ийн эзэмшилд хамаардаг. Тиймээс хэрэглэгчид щитний цоож цуургыг эвдэх, гэмтээх, дур мэдэн оролдож болохгүй. Хамгийн гол нь дур мэдэн оролдвол эрүүл мэнд, амь насаа алдах аюул эрсдэлтэйг хэрэглэгч болон хүүхдүүдэд ойлгуулж зөвлөгөө өгнө.
- Зориулалтын бус, шаардлага хангахгүй, залгаастай, ил задгай татсан гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн оруулгын утастай хэрэглэгчид зөрчлийг арилгах хугацаатай шаардлага өгнө. Хүн, амьтны амь нас эрүүл мэндэд аюул учруулахуйц, гал түймэр гарах нөхцөл байдал үүсчихсэн оруулгын утастай болон өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр дур мэдэн хангасан хэрэглэгчдэд мөн хугацаатай шаардлага, мэдэгдэл өгч, зөрчлийг арилгах хүртэл хугацаанд хэрэглээг нь түдгэлзүүлэх ажлууд хийгдэж байна.
Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үзлэг шалгалтад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 245 дэд өртөөний 42315 хэрэглэгчид хамрагдах ба УБЦТС ТӨХК-ийн 404 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 202 бригад үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэж байна. Цаашид бусад дүүргийн хэрэглэгчдийг төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хамруулахаар төлөвлөжээ.