Ш.Батцэцэг: Ертөнцийн хамгийн гэрэл цацруулсан хүмүүс бол Ротаричууд

Монгол Улсад Олон улсын Ротари хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойтой холбогдуулж Монголд олон улсын Ротари клубыг үүсгэн байгуулалцсан Бүгд Найрамдах Куба улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгтэй ярилцлаа.

-Таны Монголын Ротаритай холбогдсон түүхээс яриагаа эхэлье?

-Ертөнцийн хамгийн гэрэл цацруулсан (radiant) хүмүүсийн талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцаж байгаадаа баяртай байна.

Хориод жилийн тэртээ Хонконгийн нэгэн яриа хөөрөөтэй, шав шув гэсэн хүн (Herbert K. Lau) Л.Гомбо гэж даруухан жентельмэнтэй хамт зорьж ирж уулзаж байлаа. Энэ бол Зуунмод, Нийслэл Ротари Клубуудын эхлэлийг тавьсан анхны уулзалт байж. Их л олон дүрэм, журам, зохицуулалт, бас мөрдөж ажиллах шалгуурын талаар ярьсан. Ажил хэрэг ярилцсан нөхөд процесс нь төвөгтэй ч нэг л дулаан гэгээн энерги орхиод Улаанбаатар буцав. Төв аймгийн төвд ажиллаж амьдардаг, санаа сэтгэл нийлдэг хэсэг хүнтэй уулзаж,  ротаригийн талаарх мэдээлэл өглөө. Бэрээ (PAG) маань ихэд сонирхож байна аа. Энэ нь надад хүч урам өгч бид цаашдаа хамт Дэлхийн Ротаричуудын гэр бүлд элсэх,  эхлүүлэх, үргэлжлүүлэх, бойжуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн дээ.  Бичвэл маш олон дурсамж байна.

Мэдээж яг энэ цагаас хойш олон  ажил ундарсан байх. Таныг Монголын Ротаричуудыг удирдаж байх үеийн хүмүүнлэгийн гол ажлуудаасаа дурдаач.

Эхлээд Зуунмод Ротари Клубийг байгууллаа. Үүний  дараа нийслэл Улаанбаатар хотынхоо болоод Ротарийн бүс нутгийнхаа маш олон найз нөхөдтэй болов. Санаачилга, ажил ч өрнөсөн дөө…

Клубийн төвшинд эхлүүлсэн хүмүүнлэгийн ажил маань Бүсийн төвшин рүү шилжсэн. Энэ цаг үед би Монгол дахь Ротари клубуудын үйл ажиллагааг хамрах Бүсийн захирагчийн хамтран зүтгэгч болсон байлаа. Надад ирсэн энэхүү хоёр удаагийн, жил дараалсан хариуцлагатай алба бол хэн ч зүгээр суухын боломжгүй хугацаа. Тиймээс бид Олон Улсын Ротарийн түүхэнд бичигдэхүйц ажлыг эхлүүлэх ёстойг ойлгож байсан.

Бодож төлөвлөснөөрө ажлаа ч эхлүүллээ.  Монголоо ойжуулъя уриан дор монголчуудын 9 дүгээр бүс, Олон Улсын 3450 дугаартай Хонконг, Макао, Монголын бүс бүр цаашлаад Өмнөд Солонгосын бүх Ротари Клуб, ротаричуудыг нэгтгэж чадсан кампанит ажлын давалгааг  эхлүүлсэн.

“Keep Mongolia Green” кампанит ажил Олон Улсын Ротари байгууллагын бүхий л шатанд ярьж, хэлэлцэж, тайлагнаж, үзүүлдэг томоохон төслүүдийн нэгэн болж чадсан. Энэ бол миний Захирагчийн туслах (AG)-ын оргил үе гэж бардам хэлэх байна.

Энэ кампанит ажил одоо ч үргэлжилж байгаа. Ротаричууд энэ талаар цааш их бичих учир тэр үед мартагдахааргүй үүрэг гүйцэтгэсэн тухайн үеийн Монгол Улсын Засгийн Газар, Геоэкологийн Хүрээлэн, Өмнөд Солонгосын Ротаричууд, төслийг манлайлан удирдагчдийн нэг Өмнөд Солонгосын (тухайн цагт Олон Улсын Ротарийн 3650 бүсийн Захирагч одоо The Rotary Foundation Trustee 2018-2022) Юүнь Санг Кү, Монголын талаас Ч. Ганболд, Л. Гомбо, С. Бэхбат, Д. Бэрцэцэг, Ч. Энхтуяа  зэрэг PAG нар, төслийн хамгийн нандин НБД/Trusty Ц.Уянга, Р. Эрдэнэбат, Н. Керма, Р. Жамбалдавга зэрэг Ротарийн манлайлагч гишүүддээ гүн талархалтай явдгаа илэрхийлье.

Бид хамтдаа эхлүүлж, үргэлжлүүлж, үзүүлж, манлайлж чадсан. Бид яг л цалин хөлстэй ажилтнууд, төсөв хөрөнгөтэй төрийн байгууллага, үүрэг хүлээсэн гэрээт ажилтнууд мэт мянгантаа хуралдаж, хэдэн мянга км туулж, өглөө оройг үл ялган дотоод сэтгэл болоод хүчин чармайлтынхаа нөөцийг тултал нь ажиллаж байсан үе. Энэ үе бол миний, бидний алтан үе гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

-Яг л цалин хөлстэй ажилтнууд, төсөв хөрөнгөтэй төрийн байгууллага, үүрэг хүлээсэн гэрээт ажилтнууд мэт ажилласан гэж хэллээ. Ротаричуудыг нэгтгэдэг үнэт зүйлс ер нь юу байдаг юм бэ?

-Биднийг нэгтгэдэг үнэт зүйлс гэж үү. Мэдээж “Өөрийгөө давж гарсан бол бусдад үйлчлэх” тэр ёс зүй.

-Ротарийн гишүүн болсноор Танд гарсан өөрчлөлт гэвэл?

-Ёстой ярихсан гэж бодож байсан асуулт байна. Ротарийн гэр бүлд ирсэн тэр цаг үе маань Ардчилсан хувьсгал Монгол оронд ялаад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн баримжаатай эдийн засаг руу улс орон шилжиж байсан тэр шилжилтийн сүүлч үеийн хүнд үе шүү дээ. Өөрийгөө давж бусдад үйлчлэх ёс зүйн тухай тэр үед ярихад ч хүнд үе.

Гэхдээ би энэ айлд ирэхэд өөрийгөө давчихсан, арга туршлага, мэдлэг боловсролоороо бэлтгэгдчихсэн, бусдад туслах ёс зүйгээ бүрдүүлчихсэн, гэрэл цацруулсан тэр хүмүүсийг харж тэднээс өдөр бүр, цаг тутам суралцсан төдийгүй бэлтгэгдэх гэж орж ирж байгаа залгамж үеэ ч цэнэглэх, сургах, бойжуулах, жинхэнэ Ротаричууд болоход нь дэмжин туслах үүргийг хамт гүйцэтгэж байлаа.

Ротарийн лидэрүүд болоод залуу үе хооронд холбогчийн үүрэг гүйцэтгэж явах тэр цаг мөчтэй хамт миний дотоод сэтгэл, хүсэл, мөрөөдөл, зорилгод асар их эерэг өөрчлөлтүүд бий болсон. Иймийн учир Ротари бол миний амьдралын түүхтэй салшгүй нэгэн байгууллага болж үлдсэн.

Иймээс Монгол Улсад Олон Улсын Ротари хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж:

Нар шиг гэрэлтэж,

Найз нөхөд шиг үерхсэн он жилүүд минь

Харах өнцгөө тодорхойлж,

Хамтдаа бүтээлцсэн он жилүүд минь

Ротари чамайг яахан мартах билээ,

Оволзож, бужигнаж, хөөрч, бүтээж явсанаа хэрхэн гээх билээ гэж хэдэн мөрт хэлхсэнээ энд хэлмээр байна.

Хавана хот. 2020 оны 4 дүгээр сарын 27

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...