Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу амралтын газрууд, фитнессүүдийг нээхээр болов. Ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг Богдхан уул, Туул гол орчимд хүний бөөгнөрөл үүсэхээс сэрэмжилжээ. Амралтын газрууд нээгдэж, хүмүүс агаар салхинд чөлөөтэй гарахаар болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр Богдхан уулыг зорьдог хүмүүсийн бухимдлыг төрүүлдэг, байгаль орчноо хайрлагчдын толгойн өвчин болсон нэг компани салбарын яамаа шүүхэд өгчихсөн, өчнөөн тэрбумаар нөхөн төлбөр нэхээд суучихсан, уул руу алхагчдаас хураамж авдаг гэвэл Та итгэх үү.
Улаанбаатар хотын чанх урд байрлах дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амны 38.2 га талбайг 2004 оноос хойш бараг л “үнэгүй” шахуу ашиглаж, ашиг орлого олж ирсэн дархан эрхтэй нэгэн аж ахуйн нэгж байх юм. “Энигма” компани Зайсангийн аман дахь 30 гаруй га талбайг ашиглаж ирсэн атлаа газрын төлбөр болох 1.4 тэрбум төгрөгөөс ердөө 400 гаруй саяыг нь төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх нэгэн овжин арга сүвэгчилсэн байдаг.
Дээр хэлсэнчлэн “Энигма” компани нь Зайсангийн аманд 20 га газрыг ашиглах эрхийг 2004 авч байжээ. Үүнээс хойш буюу 2013 он хүртэл нэмж 18.2 га газар ашиглах эрх авч томруулжээ. Газар ашиглах эрхийн хугацаа 2013 онд дуусгавар болох үед “Энигма” компаниас Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргаагүй учир үүнийг нь үндэслэн эрхийг нь цуцалжээ. Энэ өдрөөс хойш тус компани нь дээрх газрыг “зөвшөөрөлгүй” ашиглаж ирсэн байдаг.
Хамгийн хачирхалтай нь, аль 2013 онд газар ашиглах хугацаа дууссан гэдэг шалтгаанаар эрх нь цуцлагдсан атал яагаад ч юм бэ “Манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж өгнө үү” гэдэг хүсэлтээ 2016 онд БОАЖЯ-нд гаргасан байна. Үүнийг нь салбарын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэг ёсоор болгож тушаал гаргасан байгаа юм. Ингээд зогсохгүй “Энигма” компанийн хүсэлтээр цуцлуулсан газрыг нь тус компанийн охин компани болох Монголын үндэсний их сургуульд нийт 20.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, “Универсал политехник” коллежид сургуулийн зориулалтаар 12.7 га газрыг хуваан олгожээ.
Ойлгомжтойгоор хэлбэл, толгой компани нь ашиглаж ирсэн газрынхаа төлбөрийг бүрэн барагдуулаагүй байхдаа эрх цуцлуулах хүсэлт гаргасан. Үүнийх нь дараа охин компаниуд нь өнөөх газрыг хувааж авсан гэсэн үг. Тэрбум гаруй төгрөг болж хуримтлагдсан газрын төлбөрөөс ингэж бултсан сүйхээтэй айл. Дархан цаазат ууланд газар ашиглана, тэгсэн хэрнээ төлбөр төлөх болохоор луу унжина.
Болж өнгөрсөн энэ процессийг жирийн хүмүүс төдийлөн олйгохгүй, анзаарахгүй. Гэтэл сайд асан Н.Батцэрэг ухаж ойлгоод нэгэнт эрх нь цуцлагдсан байсан газрын эрхийг “Энигма”-гийн хүсэлтээр дахиад цуцалсан нь тун хачирхалтай. Төрийн сайд хүн төсөвт газрын төлбөрийг бүрэн дүүрэн төвлөрүүлэх үүргээ биелүүлэх ёстой байтал компанийн арга залинд автаж, охин компаниудад нь олгосон нь дархан цаазат уулаа даанч нэг хайрлаагүйн тод жишээ.
Үүний дараа “Энигма”-гийн булхай илчлэгдэж, Зайсангийн аман дахь газраас нь ердөө гуравхан га газрыг нь төр буцаан авч 264 автомашин болон унадаг дугуйн 60 зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан юм. Гэтэл МҮИС-ийн удирдлагууд оюутнуудаа төрийн эсрэг турхирч, салбарын яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийгээд зогсохгүй төрийн албан хаагчдын биед халсан хэрэг мандаж байв.
“Энигма” компанийн нэр дээр байсан газраас гуравхан га газрыг төр сөгдөж гуйх нь шахуу байж эргүүлж авсан. Уг газар дээр 264 автомашины зогсоол, 60 унадаг дугуйн зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж барьсан байна. Гэтэл автомашины зогсоолын нэгээхэн хэсгийг өөрийн мэтээр өмчилж, машинаа байрлуулсан иргэдээс төлбөр хурааж буй гэх. Угтаа бол дээрх зогсоолыг тэрбум гаруй төгрөгөөр, нийтийн ариун цэврийн байгууламжийг 220 сая төгрөг байгуулсан.
Энэ мөнгө та бидний халааснаас буюу төсвийн мөнгөнөөс гарсан. Гэтэл төрийн мөнгөөр байгуулсан автозогсоолоос хураасан төлбөрийг дээрх компаниуд замаас нь ийн тоншиж байна. Яг эндээс л “Энигма” гэдэг компани зарлигаар дархалсан газарт зэрлэгээр засаглаж эхэлсэн байх юм. Одоо энэ компанийг Монголын төр дийлэхээ байсан ичмээр дүр зураг харагддаг.
Богдхан уулын аманд байрлах тус компанийн амралтын газарт архидалт, биеэ үнэлэлт ямархуу төвшинд хүрснийг Улаанбаатарчууд мартаагүй байх. Орчны бохирлол, хог хаягдал бол замбараагаа алдсан. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийн нэгээхэн хэсгийг тус компанийн ажиллуулдаг байсан амралтын газраас ирдэг байсан цаг саяхан. Юу үнэн, энэ үнэн.
Богдхан уул руу гарахын тулд заавал энэ амралтын газрын хаяагаар өнгөрдгийг хэлэх үү. Хаа сайгүй архины шил, бэлгэвч хөглөрч, энд тэндгүй тасарч унасан залуус. Ийм л дүр төрхтэй орчин угтдаг. Тиймдээ ч олон нийтийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүүхдийн тоглоомын талбай, сагсны талбай, хөл бөмбөгийн талбай, сүүдрэвч зэргийг байгуулах зорилгоор Монголын үндэсний их сургууль болон “Универсал политехник” коллежид олгосон газар ашиглах эрхийн зөвшөөрлийг хэдхэн сарын өмнө БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалжээ. Гэтэл яамны шийдвэрийг дахиад л эсэргүүцсэн төдийгүй нөхөн олговор нэхсэн сурагтай.
Угтаа бол газар өмчлөх эрх нь тухай хүний өмч учраас төр халдах эрх байдаггүй. Харин ашиглах эрх нь төрийн өмчийн газрыг таван жилийн хугацаатай гэрээ байгуулах замаар ашиглах хуулийн зохицуулалттай. Энэ утгаараа төрөөс газар ашиглах эрхийн зөвшөөрлийг цуцлах болбол ямар нэгэн нөхөн төлбөр төлөхгүй байх зохицуулалттай байдаг. Гэтэл бүхэл бүтэн их сургууль ажиллуулдаг компанийн удирдлагууд хуулийн мэдлэг дулимаг юм уу, эсвэл төрийн юм үнэгүй гэдэг байдлаар асуудалд хандсан уу.
Аль нь ч бай, толгой компани нь газрын төлбөр болон НЭГ ТЭРБУМ төгрөг төлөхөөс “бултсан”, охин компани нь хуульд заагүй НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛ гээд гэдийж суудаг болсон ажээ.
Бизнесийн талбарын алтан зарчим нь шударга өрсөлдөөн. Үүнээс гадна нийгмийн хариуцлага гэдэгтэй дэлхий нийт санал нэгддэг. Гэтэл Монголдоо тэргүүлэх эгнээнд бүртгэгдэх болсон дээрх компаниудад нийгмийн хариуцлага гэдэг зүйл нэгээхэн үгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Энэ удаад бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Богдхан уулаа хайрлаж гаргасан тушаалыг хүч түрэн дэмжмээр байна.
Нэг компанийн эрх ашиг чухал уу, эсвэл нийслэлчүүдийн нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг улсын нийслэлийн байгалиа хайрладаг иргэн бүр “Энигма”-гаас асуух цаг болжээ. Тэр дундаа дархан цаазат газрыг ашиглаж, ашиг олсон хэрнээ төлбөрөө төлдөггүй байх нь хэр зохимжтой вэ. Хуульд газар ашиглах эрх цуцлах үед НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ ЭЭ гээд цагаан дээр хараар бичсэн байхад нөхөн төлбөр нэхэж суух нь хэр шударга вэ.
Монголчууд бид Богдхан уулыг дархан цаазат газарт бүртгэснээрээ байгаль дэлхийгээ хайрлаж, хүндэлдэг гэдгээ дэлхий нийтэд батлан харуулсан байдаг. Гэвч энэ бахархал, хүндлэлийг удаан зүүх хувьгүй байж. Учир Богхан уулын аманд эзэн суусан нэг компани төртэйгөө тэрсэлж, төлбөр мөнгө нэхэж, дархан цаазат уулын дархан эрхтэй эзэн шиг аашлах болжээ. Төрийн төмөр нүүр гэж байдаг бол одоо л тэрийгээ үзүүлмээр байна.
Davarsan luivarchidaa daraachee