МАН-ын бүлэг ЖДҮ-чдийг жийж, сонгуулийг хугацаанд нь явуулахыг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Хуралдаанаар УИХ-ын ээллжит сонгуулийг хойшлуулах эсэх, нэр дэвшигчдэд ямар шалгуур тавих талаар ярилцжээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бүлгийнхээ гишүүдэд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн байна. Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах, төсөв хэмнэх талаар тодорхой санал дэвшүүлсэн юм. Эрх баригч намын бүлгийнхэн энэ талаар өнөөдөр ярилцаад улс төрийн шийдвэрээ гаргажээ.

Юуны өмнө УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаандаа хийх нь зүйтэй гэдэг дээр МАН-ын бүлгийн гишүүд санал нэгджээ. Хэрэв сонгууль хойшлуулах юм бол Үндсэн хуулиа үгүйсгэсэн, ардчиллын зарчмаас ухарсан алхам болно гэж олонх гишүүн хэлжээ. Тэгээд ч сонгууль хойшлох тусам эрх баригчдад ашиггүй, сөрөг хүчинд боломж олгоно гэж цөөн биш гишүүн анхааруулсан байна. Цар тахлын улмаас эдийн засаг өдөр ирэх тусам хүндрэх учир сонгуулийг хугацаандаа хийхийг эрх баригчид илүүд үзсэн аж.

Харин УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд тавих шалгуурын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх байр сууриа маш тодорхой илэрхийлсэн байна. Тэрбээр ЖДҮ-ийн сантай холбоотой асуудалд нэр холбогдсон, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, дуудах хуудас авсан хүмүүсийг нэр дэвшүүлэх боломжгүй хэмээн бүлгийнхээ гишүүдэд түс тас хэлжээ. Асуудал байгаа бол мухарла, тэгээд сонгогдох эрхээ эдэл гэсэн байна.

ЖДҮ-ийн сангаас зээл авахдаа хууль зөрсөн, албан тушаалаа ашигласан гэдгийг хуулийн байгууллагаар эцэслэн тогтоолгочихвол сонгогдох эрхийг чинь МАН-ын даргын хувьд би хүндэтгэн үзнэ гэжээ. МАН-ын бүлгээс 30 шахам гишүүн ЖДҮ-ийн сангаас албан тушаалаа ашиглан зээл авсан хэрэгт нэр холбогдоод байгаа юм. У.Хүрэлсүхийн хэлснээс үзвэл тэдгээр гишүүд УИХ-ын сонгуульд дахин нэр дэвших хүсэл нь хад мөргөж мэдэхээр боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ