Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид сувиллын газарт хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд шинжилгээ авна. Ийм сайн мэдээ байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзаад, надад үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдлээ. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Өмнөд Солонгосын “Сэжүн” компани, ЭСЯ-наас 3,000, Хятад 5,000 оношлуур хандивласан байгаа. Ингээд оношлуурын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан үйлчилгээгээ өргөжүүлж байна. Улсын хэмжээнд /аймаг, дүүрэгт байгаа/ уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ авч, хяналтын шинжилгээ хийж байгаа.
Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн. Цаашид Ховд, Сүхбаатар, Орхон аймагт энэ чиглэлээр нэмэлт лаборатори ажиллуулах бэлтгэл ажил хангагдсан.Ингэж лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь хяналт сайжирна гэсэн үг. Зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг зохицуулаарай гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Лабораторийн шугам нэмэгдсэн учир зарим хүний хүсэлтийг үндэслэн коронавирус илрүүлэх шинжилгээ авах боломжтой боллоо.
Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг “Бадрах энержи” компани эмч, ажилтнуудад зориулж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчдадаа цалин дээр нь жигд хуваан урамшуулал болгож өгөхөөр тохирлоо.
2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээнд, Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, тусгаарлагдсан 182, тандалтын шугамын 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нийт 222 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна.
Дөрөвдүгээр сарын 6-н буюу өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн хяналт, тандалтын хугацаа нь дуусаад гарч, гэрийн хяналтад шилжин орлоо. Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
“Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүнийг амжилттай эмчиллээ. Үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байлгана” гэв.