Сүүлийн өдрүүдэд Болгар улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллахаар болсон Ц.Цэнгэл сайдын хэлний мэдлэгт иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нь нэг талаараа зөв мэт боловч ойлголтын зөрүү их байна. Жишээ нь зарим иргэд тухайн орныхоо хэлийг сайн мэддэг Элчин сайд томилох хэрэгтэй гэж үзэж байхад зарим иргэн хэлний мэдлэг тийм ч чухал биш, Монгол төрийн ажлыг олон жил хашсан, туршлагатай, нэр нөлөөтэй сайд байхад болно гэж үзэж буй. Ер нь дипломат албанд Элчин сайдын хувьд хэлний мэдлэг нэгдүгээрт эрэмбэлэгдэхгүй байж болох талууд байдаг аж. Тухайлбал, орос, хятад, япон, солонгос, герман, франц зэрэг улсад хэлний мэдлэгийг чухалчилж байхад хуучин социалист орнууд хэл гэхээсээ илүү тухайн улсын төрийн алба, бодлого бидэнтэй төстэй байдлыг илүүд үздэг байна. Нөгөөтэйгүүр дипломат алба өөрөө онцлогтой учир зарим оронд тухайн улс орондоо нөлөөтэй эрхмүүдийг томилогдож ирэхэд таатай хүлээж авдаг олон тохиолдол байдаг аж. Элчин сайдын яамны өдөр тутмын ажлыг дипломатууд хийх бөгөөд тэд хэлтэй, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин байдаг тул Элчин сайддаа мэдээлэл өгч, ярианы сэдэв, танилцуулах мэдээг бэлдэж өгдөг байна. Энэ бүхэн дээр нь төрийн хар хүний олон жилийн туршлага дадлага маш их шаардлагатай байдаг байна.
Ц.Цэнгэл сайдын хувьд төрийн өндөр албан тушаал хашиж явсан төдийгүй ажилласан салбартаа үргэлж тэргүүлэгч байсан нь дипломат албаны шаардлагыг хангаад байгаа ажээ. Түүнийг намынхан болон ойр дотнын нөхдүүд нь хүнийхээ хувьд “молодец” гэж үнэлдэг юм билээ. Хурдан моринд дуртай, улс төрчийнхөө хувьд түүний өмнө гишгих Төрийн нарийн бичгийн дарга байгаагүй, харин сайдаар томилогдохоосоо өмнө ажлаа албан ёсоор хүлээлгэж өгчээ. Тэрбээр, өөрийнхөө тухай хэлэхдээ “ Би долоон төрийн нүүрийг үзэж яваа. Төр өнөөдөр намайг хэрэгтэй цагтаа дуудвал би ажиллана, хэрэггүй гэж үзвэл би хэзээ ч явахад бэлэн. Харин хийсэн ажил минь түмэн олонд хүрсэн бол миний хэрэг бүтнээ” гэсэн даруухан хариултыг өгч явсан эрхэм. Тэрбээр Уралын Политехникийн дээд сургуулийг эрчим хүчний инженер мэргэжлээр дүүргэн ажил амьдралынхаа гарааг “ТЭЦ-3”-аас эхэлсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл нь Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд эдүгээ Эрчим хүчний инженерүүдийн холбоог тэргүүлдэг юм байна. Хамгийн сүүлд ажиллаж байсан байгаль орчны салбартаа ч амжилттай ажиллаж байв. Ямар сайндаа л түүнийг Монгол талаасаа “ Монценкоов”-ын дарга аа гэж эрхий хуруугаа гозойлгож байхав.