Өмнөд хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирүсээр 600 орчим хүн өвчилж 19 хүн амь насаа алдаад байна. Албаны эх сурвалжуудаар мэдээлж байгаагаар Хятадын 30 гаруй мужид халдвар тархаад байгаа ажээ. Энэ вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн яамнаас үүрэг болгоод байна. Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирүсийн халдвар авсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй хэмээн мэдэгдлээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр өнөөдөр Эрээн-Улаанбаатарын автобусаар 6 настай, эмэгтэй хүүхэд халуурсан байдалтай хил нэвтэрчээ.Тэрбээр ээжийн хамт Замын-Үүдээр орж ирсэн юм байна. Хүүхдийг ээжийн хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэллээ. зургаан настай охин шинэ төрлийн коронавирүсийн халдвар авсан эсэхийг эцэслэн тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж эхэлжээ.
Вирүсийн халдвараар нас барсан хүмүүсийн олонх нь архаг хууч өвчтэй, 50-иас дээш настай хүмүүс байгааг өмнөд хөршийн эх баригчид мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн байгууллагууд шуурхай удирдлагад орж вирүсийн тандалт хийх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцох, Хил, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.
Амьсгалын замаар халдварладаг нь тогтоогдсон шинэ төрлийн вирүсээс сэргийлэх хоёр энгийн аргыг Эрүүл мэндийн яамнаас иргэдэд санал болгов. Нэгдүгээрт, гараа тогтмол савандаж угаах Хоёрдугаарт, амны хаалт зүүж хэвшихийг санал болгов. Үүнээс гадна онц шаардлагатай биш бол БНХАУ-ын халдвар тархсан бүс нутаг руу зорчихгүй байхыг зөвлөлөө. Вирүсийн тархалт, тандалтын талаар Эрүүл мэндийн яам өдөр бүр мэдээлэл өгөх юм байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мөрддөг дүрмээр бол халдварт өвчин гарангуут хилээ бүрэн хаадаг жишиг байхгүй. Нийгмийн эрүүл мэндэд ноцтой үр дагавартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дүгнэвэл эрсдэл бүхий бүс нутгийн хилийг хэсэгчлэн хаадаг жишиг байдаг хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.