УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-нд амиа алдсан. Уг хэрэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл сошл орчинд явж, зарим нь улс төртэй холбох, улстөрийн зорилгоор ашиглах байдал илтэд үүссэн тул гэр бүлийнхэн нь өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хуралд талийгаачийн том хүү Б.Ганхөлөг болон охин Б.Цэлмэг , өмгөөлөгч нар оролцсон юм.
Өмгөөлөгч Батхуяг: УИХ-ын нэр бүхий гишүүнээс авсан полиграппын тест түгшүүрийн мэдрэмж өндөртэй гарсан
Хуульч, өмгөөлөгч Батхуягийн хэлснээр шүүх эмнэлгийн багийн шинжээчдийн эцэслэн гарсан дүгнэлтэд анхаарал татсан хэдэн зүйл бий ажээ.
Дүгнэлтэд, талийгаачийн баруун нүдэнд гадны хүчний үйлчиллээр хөхрөлт хавдалт үүссэн, задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог улайлт юм. Өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэх дүгнэлт гарсан байна. УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграппын тест авахад асуусан асуултад хариулахдаа, сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн тест гарчээ.
Хэргийн газраас гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсан дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Түүнийг сэргээх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Гар утасны гадаргуу дээр ямар нэгэн биологийн ул мөр байна уу гэдгийг шинжлэх ёстой байсан ч, түрүүлээд дотор нь юу байна вэ гэдгийг шалгасан. Энэ явцад гадаргуу дээрх биологийн ул мөр арилсан.
Мөн хэргийг шалгаж байх явцад хэргийн талаар гэр бүлийнхэн рүү нь хэргийг харсан, үзсэн гэх мессежийг нэг этгээд бичсэн. Үүнийг шалгах явцад хэн болох нь тогтоогдсон. Энэ хүн би хэргийг хараагүй, мэдэхгүй гэж тайлбар өгсөн байна лээ. Мөн задлан шинжилгээ явуулахын өмнө MRI аппаратад оруулъя гэх ар гэрийнхнийх нь хүсэлтийг шүүх эмнэлэг хүлээж аваагүй.
Б.Ганхөлөг: Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу?
Хүү Б.Ганхөлөг “Бид найман сарын хугацаанд тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд их хэцүү найман сар өнгөрлөө. Эмээ, өвөө, ээж маань гээд их хэцүү цаг хугацаа өнгөрч байна. Дөрвөн настай бага дүү маань хоол ундаа идэхгүй их хэцүү байна. 2019 тавдугаар сарын 17-нд цоо эрүүл аав маань өглөө гэрээсээ гараад явсан.
Төрийн тусгай обьектод албан үүргээ гүйцэтгэж яваад эргэж ирсэнгүй. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна. Өндрөөс унасан гэж байгаа ч унасан талын нүд нь хэвийн хэрнээ нөгөө талын нүд нь хөхөрчихсөн, нэлээд том хавдартай байсан. Хүзүүн дээр гарсан улайлт нь заамдалтын улмаас гарсан гэж бид хардаж байгаа. Өмгөөлөгч ч хэллээ. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу.
Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнээр тус бүр гурван удаа сонгогдсон төрийн зүтгэлтэн хүн Төрийн ордонд ажлын цагаар амиа алдсан байхад найман сарын хугацаанд бидэнд ямар ч шийдвэр гаргаж хэлсэнгүй. Төр нийгмийн зүтгэлтэнд тохиолдсон хэргийг шийдэж чадахгүй байна.
Б.Цэлмэг: Дөрвөн настай дүү минь хоолноос гарсан
Охин Б.Цэлмэг: Бид аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ, өвөө маань аавын минь зурагны өмнө олон цаг сууж залбирч байна. Ээж маань насаараа ханилсан ханиа алдаж сэтгэл шимширч сууна. Дөрвөн настай дүү минь хоолноос гарсан.“Аав нь ирлээ” гээд ороод ирэх юм шиг санагдаж байна. Аавынхаа амийг бид нэхэх болно. Шударга үнэний төлөө тэмцэх болно.